АНУ-Израиль болон Ираны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрхи Дорнодоос хувийн чартер нислэгээр гарах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдлээ. Тус бүс нутгаас дүрвэхийг хүссэн чинээлэг гадаадын иргэд одон орны мэт өндөр үнэ төлж байгааг салбарынхан онцолж байна.
“AirX” компанийн үүсгэн байгуулагч Жон Мэттьюс CNN агентлагт мэдээлснээр, 2-р сарын 28-нд эхэлсэн дайн нь Персийн булангийн орнуудын агаарын тээвэрт COVID-19 цар тахлаас хойш тохиож буй хамгийн том хямралыг авчирчээ. Пуужин болон дрон ашигласан халдлагууд үргэлжилж байгаагаас агаарын орон зай хаагдаж, иргэний агаарын тээврийн тогтмол нислэгүүд найдваргүй болсон байна.
“Бүс нутгийн зарим хэсэгт нислэгийн хуваарь хязгаарлагдмал эсвэл тодорхойгүй болсон тул сүүлийн өдрүүдэд хувийн чартер нислэгийн эрэлт эрс нэмэгдлээ” гэж Мэттьюс тэмдэглэв.
Олон мянган зорчигч нисэх буудлууд дээр гацаад байгаа энэ үед чинээлэг гэр бүлүүд, үндэстэн дамнасан корпорацын удирдлагууд, спортын баг болон урлагийн хамтлагууд үүссэн эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд хувийн онгоц түрээслэх болжээ.
“SHY Aviation” компанийн гүйцэтгэх захирал Бернардус Форстерын хэлснээр, Оманы нийслэл Маскат, Дубай болон Саудын Арабын Эр-Рияд хотоос өдөрт дунджаар 10-15 хувийн нислэг үйлддэг байсан бол өнгөрсөн Лхагва гарагт энэ тоо 98-д хүрчээ.
Үнэ өсөхөд онгоцны хүрэлцээ, даатгалын өндөр зардал болон онгоц буцахдаа хоосон нисдэг хүчин зүйлс голлон нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид онгоцны хоёр талын зардлыг төлж байгаа юм. Тухайлбал, 12 хүн нэг нохойны хамт Маскат хотоос Стамбул руу 5 цаг нисэхэд 145,000 ам.доллар төлжээ. Мөргөлдөөн эхлэхээс өмнө уг нислэг 60,000 ам.долларын үнэтэй байсан буюу 142 хувиар өсжээ.
Эхэндээ Маскат болон Эр-Рияд хотууд гадагшаа гарах гол цэг байсан бол Дубайн тэнгэр баганадсан зарим барилгууд халдлагад өртсөний дараа тус хотоос гарах хүмүүсийн цуваа нэмэгдсэн байна. Ойрхон байршилтай тул Стамбул хамгийн эрэлттэй чиглэл болж байгаа бөгөөд Афин болон Мумбай руу чиглэсэн нислэгийн тоо ч өсжээ.
Гэсэн хэдий ч хувийн нислэгүүд нь нийт зорчигчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Бүс нутгаас гарахаар хэдэн арван мянган хүн оролдож байгаа ч хувийн онгоцууд цөөн бөгөөд нэг удаадаа дунджаар ердөө 12 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс дэлхийн улс орнуудын засгийн газрууд өөрсдийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх тусгай нислэгүүдийг (repatriation flights — эх оронд нь эргүүлэн авчрах нислэг) зохион байгуулж эхэлжээ.
АНУ-ын Төрийн департамент даваа гарагт мэдээлснээр, 20 гаруй чартер нислэг үйлдэн Ойрхи Дорнодын орнуудаас мянга мянган америк иргэнийг эвакуацилаад байна. Хэдий тийм ч бүс нутгийн хэмжээнд ердийн иргэний агаарын тээврийн нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг ажиглагчид анхааруулж байна.