Баянзүрх дүүрэгт гарсан орон сууцны галыг унтрааж, 123 иргэнийг аюулгүй бүсэд шилжүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нийслэлийн гурван байршилд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний 20:50 цагт гал түймэр гарчээ. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиж, гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Объектыг шалгахад иргэн “У”-ийн эзэмшлийн 106 м.кв талбайтай, гурван өрөө байр бүхэлдээ шатаж байжээ.

Гал түймрийн улмаас орон сууцны барилгад өтгөн утаажилт үүссэн нь оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөлийг бий болгосон юм. Иймд гал сөнөөгчид утаажилтын бүсээс иргэдийг шуурхай гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан бөгөөд аврах ажиллагааны үр дүнд ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна.

Газар дээр нь ажилласан аврагчдын мэдээлснээр нүүлгэн шилжүүлэлтийн тоон үзүүлэлт дараах байдалтай байна:

  • Нийт нүүлгэн шилжүүлсэн иргэд: 123
  • Насанд хүрэгчид: 58
  • Хүүхэд: 65
  • Хэргийн газар ажилласан хүч: ОБЕГ-ын харьяа 14 дүгээр ангийн алба хаагчид.

Одоогоор гал гарсан үндсэн шалтгаан нөхцөл болон учирсан эд материалын хохирлын бодит хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна. Алба хаагчдын шуурхай ажиллагааны ачаар гал түймэр дэлгэрч, бусад айл өрхүүдэд тархахаас бүрэн сэргийлж чаджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй