Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдахаар хадгалж байсан 9.2 килограмм мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлэн хураан авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задралд ордоггүй, хэлбэрээ өөрчлөх тусам хоруу чанар нь өөрчлөгдөх өндөр эрсдэлтэй бодист тооцогддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ бодисыг хүний эрүүл мэндэд хамгийн аюултай 10 төрлийн бодисын нэгээр ангилдаг юм.
Мөнгөн ус хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ
Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хоол хүнс, агаар, усны замаар хүний биед нэвтэрч, тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгинд ноцтой гэмтэл учруулах аюултай байдаг. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдэд үзүүлэх хор нөлөө нь илүү өндөрт тооцогддог байна.
Энэ төрлийн бодис нь эхийн хэвлий дэх урагт нөлөөлөхөөс гадна эхийн сүүгээр дамжин нярайд хүрч болзошгүй аж. Үүний улмаас хараа, сонсголын эмгэг, оюуны хөгжлийн хоцрогдол, саажилт зэрэг ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж үздэг.
Хуулиар хатуу хариуцлага хүлээлгэдэг
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, бусдад шилжүүлэх, зориулалтын бусаар ашиглах зэрэг үйлдэлд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байдаг.
Тус заалтын дагуу ийм төрлийн зөрчил гаргасан этгээдийг 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, мөн нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой юм.