Монгол, Казахстаны хооронд шууд авто зам барих түүхэн шийдвэрт хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Казахстан Монголын хооронд авто зам барих хамтын шийдвэрт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь төрийн айлчлал үр дүнтэй үргэлжилж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Акорда” ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев хоёр орны найрамдал мянган жилийн түүхтэйг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Би 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр стратегийн түнш байгуулах тухай бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм” хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ удаагийн айлчлал улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны харилцааг ойртуулах нэгэн чухал алхам нь Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын хэлтэс нээх шийдвэр байв. Түүнчлэн Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хооронд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан нь бизнесийн салбарт шинэ үүд хаалга нээж байна. Хамгийн хүлээлттэй байсан асуудал болох хоёр улсыг холбосон дөт авто зам барих төслийг талууд дэмжиж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Айлчлалын хүрээнд тохирсон гол ажлууд:

  1. Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээж, Өлгий хот руу шинэ агаарын зам нээх.
  2. Алтай дамжсан хэлэлцээний хүрээнд аялал жуулчлал, ложистикийн кластер хөгжүүлэх.
  3. Геологийн хайгуул, малын вакцины үйлдвэрлэл болон цахим хөгжлийн салбарт туршлага солилцох.
  4. Монгол Улсын сансраас ажиглах систем байгуулах санаачилгыг дэмжиж ажиллах.

Боловсролын салбарт Казахстан улс Монголын оюутнуудад олгох тэтгэлгийн тоогоо нэмэгдүүлж, “Study in Kazakhstan” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Казахстаны их сургуулийн салбарыг Монголд нээх санал дэвшүүлсний зэрэгцээ соёл урлагийн салбарын хэлхээ холбоог бэхжүүлэхэд дуучин Мишээлийн “Silk Way Star” шоунд байгуулсан амжилт томоохон түлхэц болсныг Төрийн тэргүүн онцлов. Хоёр орны хотууд ах дүүгийн харилцаа тогтоосноор эдийн засаг, найрамдлын шинэ гүүр тавигдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй