ОХУ-ын хууль сахиулах байгууллагууд тус улсын аюулгүй байдлын албаны объектод халдахаар төлөвлөж байсан Украины талын ажиллагааг таслан зогсоосноо Даваа гарагт албан ёсоор мэдээллээ. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааг гүйцэтгэхээр үүргэвчиндээ гар хийцийн тэсрэх төхөөрөмж тээвэрлэж явсан Германы иргэн эмэгтэйг баривчилсан байна.
Сүүлийн дөрөв гаруй жилийн хугацаанд Москва Украины тагнуулын албатай хамтарсан гэх үндэслэлээр өөрийн улсын олон арван иргэнийг саатуулж байсан туршлагатай. Гэвч барууны орнуудын иргэд ийм хэрэгт холбогдох нь харьцангуй цөөн бөгөөд олон улсын ажиглагчид үүнийг гадаад улсад хоригдож буй Оросын иргэдийг солилцох “барьцаа” болгон ашиглах зорилготой, үндэслэлгүй баривчилгаа гэж үзэх нь бий.
Холбооны Аюулаас Хамгаалах Албаны (ФСБ) тайланд дурдсанаар, 1969 онд төрсөн герман эмэгтэй Төв Азийн нэгэн улсын иргэний зуучлалаар Украины талын даалгаврыг гүйцэтгэхээр тохиролцсон байжээ. Уг эмэгтэйг Ар Кавказын Пятигорск хотод байхад нь баривчилсан бөгөөд нэгжлэгийн явцад түүний биеэс тэсрэх бөмбөг илэрсэн байна. Тус байгууллагын мэдэгдэлд “Ставрополь мужийн хууль сахиулах байгууллагын эсрэг Киевийн дэглэмийн төлөвлөсөн террорист халдлагыг 1969 онд төрсөн Германы иргэн гүйцэтгэх гэж байсныг таслан зогсоолоо” хэмээн тэмдэглэжээ.
Уг хэрэгтэй холбоотой зарим баримтуудыг дурдвал:
- Тэсрэх бөмбөг нь 1.5 кг тротилтой тэнцэх хүчтэй бөгөөд зайнаас удирдах системээр тоноглогдсон байсан.
- Халдлага төлөвлөсөн газрын ойролцоогоос 1997 онд төрсөн, Төв Азиас гаралтай, “радикал үзэл суртлыг дэмжигч” эрэгтэйг хамтад нь баривчилсан.
- Сэжигтнүүдэд терроризмын зүй заалтаар бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байна.
Одоогоор Берлин болон Киевийн эрх баригчид энэхүү баривчилгааны талаар ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Оросын тал өмнө нь исламын радикал үзэлтнүүдийн үйлдсэн халдлагуудыг ч Украинтай холбон буруутгаж байсан удаатай.
Тухайлбал, 150 орчим хүний амь үрэгдсэн 2024 оны Москвагийн концертын танхимд гарсан халдлагыг Исламын Улс террорист байгууллага үйлдсэнээ хүлээсэн ч Украины талаас оролцсон гэж сэжиглэж байгаагаа мэдэгдэж холбож байв. Энэхүү баривчилгаа нь хоёр орны хурцадмал харилцааг улам бүр даамжруулж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.