Их Британийн Хаан III Чарльз гэргий Хатан хаан Камиллагийн хамт АНУ-д хийх дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж, Мэрилэнд мужид газардав. Энэ талаар CNN агентлаг мэдээллээ.
“Хаан Чарльз болон Хатан хаан Камилла нар АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан төрийн айлчлалаа эхлүүлж, Мэрилэнд муж дахь Эндрюс нэгдсэн баазад буулаа” гэж уг мэдээнд дурджээ.
Энэхүү айлчлал нь Иран дахь дайны улмаас АНУ болон Их Британийн харилцаа нэлээд түгшүүртэй байгаа үед тохиож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг АНУ-д цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан хэмээн хатуу шүүмжилж байгаа билээ.
Өнгөрсөн бямба гарагт Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр буудалцаан болсон хэдий ч төлөвлөсөн айлчлал ийнхүү хэрэгжиж байна. Хэрэг явдлын дараа Трамп Британийн монархтай уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгджээ.
Үүнээс гадна, Вашингтоны эрх баригчид III Чарльзыг ирэхийн өмнө Цагаан ордны ойролцоо Их Британийн төрийн далбааны оронд Австралийн далбааг андуурч өлгөсөн байна. Хааны айлчлалд зориулж байршуулсан 230 гаруй далбаан дунд 15 Австралийн далбаа түр хугацаанд өлгөгдсөн байсныг дараа нь Британийн далбаагаар сольжээ.