АНУ-ын Төрийн департамент дипломат төлөөлөгчийн газруудын ажилчид болон зочдод зориулсан шинэ санамж бичиг гаргажээ. Үүнд трансжендер иргэдийг ариун цэврийн өрөө болон бусад хувийн орон зайг ашиглахдаа өөрийн сонгосон хүйс биш, харин төрөхөд тодорхойлогдсон биологийн хүйсийнхээ дагуу ашиглахыг үүрэг болгосон байна. “The Daily Signal” порталын мэдээлснээр энэхүү өөрчлөлт нь холбооны байгууллагуудын дотоод журамд томоохон эргэлт авчирч байгаа юм.
“Захиргаа нь хүйс гэдгийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон төрөлд тооцдог болохыг дахин нотолж байна. Холбооны байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайд нууцлал болон аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү бодит бөгөөд урт хугацааны үндэслэл дээр тулгуурлан ажиллах ёстой” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Томми Пиготт мэдэгдэв.
Энэхүү шийдвэр нь Обамагийн засаг захиргааны үед буюу 2015 онд батлагдсан, трансжендер иргэдийг өөрийн тодорхойлсон хүйсийнхээ (gender identity) дагуу ариун цэврийн өрөөгөө сонгохыг зөвшөөрсөн журмыг хүчингүй болгож байгаа юм. Үүний өмнөхөн буюу 2026 оны хоёрдугаар сард Хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломжийг хангах комиссоос (EEOC) ажил олгогчид ажилчдын биологийн хүйсийн дагуу ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах хууль ёсны эрхтэй гэсэн шийдвэр гаргасан нь энэхүү меморандум гарах гол үндэслэл болжээ.
АНУ-ын Төрийн департамент нь тус улсын гадаад бодлогыг тодорхойлж, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудыг удирддаг төв байгууллага учраас энэхүү журам нь дэлхий даяар байрлах АНУ-ын Элчин сайдын яамдад нэгэн адил хэрэгжих юм.