Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Спорт гэмтлийн төвийн эмч нар Монгол Улсад анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх дэвшилтэт технологийг практикт амжилттай нэвтрүүлээд байна.
Шинэчлэгдсэн энэ эмчилгээний арга нь дунд чөмөгний булууны хүнхэр хэсгийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, анатомийн гажигтай холбоотой тойгны архаг тогтворгүй байдал, мултралыг өндөр нарийвчлалтай дурангийн мэс заслаар засах боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Мэс заслын ажлыг гүйцэтгэсэн багт тус төвийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч С.Батсүх тэргүүлж, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч Б.Эрдэнэболд, АУ-ны магистр, их эмч О.Амгаланхүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нар оролцжээ. Мөн мэдээгүйжүүлгийн багт ахлах зэргийн эмч Б.Мөнхбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар ажилласан байна.
Шинэ технологийг нэвтрүүлсэн эхний шатанд 21-25 насны дөрвөн үйлчлүүлэгч мэс засалд хамрагдсан бөгөөд одоогоор эмчилгээний үр дүн өндөр, үйлчлүүлэгчдийн биеийн байдал сайжирсан дүнтэй байна.