Яагаад яарч идэж болохгүй вэ: Ходоод гэмтээдэг энгийн зуршил

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Popular Science

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хооллох үедээ биеэ цэх байлгах нь маш чухал юм. Хэвтээгээрээ хооллох эсвэл идсэнийхээ дараа шууд хэвтэх нь хамгийн буруу сонголт болохыг тэд сануулж байна. Гэхдээ үүнээс ч илүү чухал хүчин зүйл бол хооллох хурд бөгөөд яарч сандран идэх нь эрүүл мэндэд туйлын хортой ажээ.

Энэ талаар “Popular Science” сэтгүүл дэлгэрэнгүй нийтэлжээ. Гастроэнтерологч (хоол боловсруулах замын эмч), анагаах ухааны дэд профессор доктор Кэролин Ньюберри: “Цээж хорсох хамгийн түгээмэл шалтгаан бол идсэнийхээ дараа шууд хэвтэх явдал юм. Ходоод хүчил ялгаруулж хоол боловсруулах үед таталцлын хүч хоол хүнсийг доош чиглүүлэхэд туслахгүй бол хоол буцаж дээшлэх эрсдэлтэй” хэмээн онцолсон байна.

Хоол ходоодноос гэдэс рүү шилжихэд ихэвчлэн хоёр цаг буюу түүнээс дээш хугацаа зарцуулагддаг тул унтахын өмнө хооллохгүй байхыг зөвлөдөг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зогсоогоороо хооллохын гол дутагдал нь хүмүүс ихэвчлэн яарч иддэгт оршдог байна.

Яаруу хооллохын сөрөг үр дагавар

Хэрэв танд хоол боловсруулах талын асуудал тулгарч, хоолны дэглэмээ өөрчлөөд ч нэмэргүй байгаа бол идэх хурдаа нэг анхаараад үзээрэй. Яаруу идэх нь гэдэс дүүргэх, хоол үл шингэх болон хэтрүүлэн идэхэд хүргэдэг. Мөн хоолтой хамт илүүдэл агаар залгих, хоолоо дутуу зажлах зэрэг нь хоол боловсруулах системд ачаалал өгдөг байна.

Хоол боловсруулах үйл явц тайван байх үед хамгийн сайн явагддаг. Доктор Ньюберри хоолоо сайтар жижиглэж, нямбай зажлахыг зөвлөж байна. “Хоол боловсруулах үйл явц амнаас эхэлдэг. Шүлсэнд агуулагдах ферментүүд шим тэжээлийн зарим хэсгийг задлаж эхэлдэг” гэж тэрээр тайлбарлав.

Удаан идэх нь танд үнэхээр хэр их хоол хэрэгтэйг ойлгоход тусална. “Цатгалан мэдрэмж төрөх хүртэл идэх хэрэгтэй. Хоол идэж эхэлснээс хойш ойролцоогоор 20 минутын дараа цатгалан мэдрэмж төрүүлдэг даавар ялгарч эхэлдэг. Удаан идвэл тархи цадсан тухай дохиог цагт нь хүлээн авч, хэтрүүлэн идэхээс сэргийлнэ” гэж эмч зөвлөжээ. Хэрэв яарч идэхээс өөр аргагүй бол уураг ихтэй, бага хэмжээний зуушийг ойр ойрхон идэх нь зүйтэй.

“Амарч, боловсруул” гэсэн зарчмыг баримтлаарай

Яарч идэхийн өөр нэг сул тал бол хөдөлгөөн дунд хооллох юм. Явж байхдаа эсвэл гүйж байхдаа идэх нь хоол боловсруулахад муугаар нөлөөлөөд зогсохгүй, хоолонд хахах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Доктор Ньюберри: “Хэт их идэж байгаад гэнэт босоход цусны урсгал болон дааврын хэлбэлзлээс болж толгой эргэж магадгүй” гэв.

Цусны эргэлт хоол боловсруулахад чухал үүрэгтэй бөгөөд хэрэв цусны урсгал булчин руу чиглэвэл хоол боловсруулах үйл явц хүндэрдэг. Тиймээс идсэний дараа шууд сэлэх болон бусад эрчимтэй дасгал хийхгүй байхыг зөвлөдөг. Хөнгөн алхах нь тустай ч тодорхой хугацаа хүлээх хэрэгтэй:

  • хөнгөн зууш идсэн бол 30 минут;
  • их хоол идсэн бол биеийн хүчний ажил хийхийн өмнө 2 цаг хүлээх нь зүйтэй.

Товчхондоо, манай бие организм тайван үед хоол боловсруулахаар зохицуулагдсан байдаг. “Амралт болон хоол боловсруулах төлөв байдал нь парасимпатик мэдрэлийн системтэй холбоотой. Энэ нь адреналины эсрэг үйлчилгээ юм. Энэ үед бие суларч, цус гэдэс рүү чиглэж, организм хоол хүнсийг үр дүнтэй боловсруулж, шим тэжээлийг нь шингээж авдаг” гэж мэргэжилтэн дүгнэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй