АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Катарын хааны гэр бүлээс түүнд илгээж буй 400 сая ам.долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн онгоцны бэлэгтэй холбоотой ёс зүйн асуудлыг няцааж, уг бэлгээс татгалзах нь утгагүй хэрэг болно хэмээн мэдэгджээ.
Тус онгоц нь Boeing 747-8 загварын тансаг хөлөг бөгөөд Air Force One буюу Ерөнхийлөгчийн тусгай онгоцны зориулалтаар ашиглах боломжтой гэгдэж байгаа юм. Уг онгоц АНУ-ын түүхэнд хүлээн авсан хамгийн өндөр өртөгтэй бэлгүүдийн нэгт тооцогдохоор байна.
Энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдмагц АНУ-ын Ардчилсан намын гишүүд болон олон нийтийн зүгээс хурц шүүмжлэл өрнөж, ашиг сонирхлын зөрчилд хүргэж болзошгүй, улмаар төрийн бодлогын шийдвэрт сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлжээ.
Трамп энэ асуудлаар Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онгоцыг хувийн хэрэгцээнд ашиглахгүй хэмээгээд:
«Катарын зүгээс ийм сайхан бэлэг барьж буйг үнэхээр их үнэлж байна. Ийм төрлийн саналд татгалзах хүн би биш» гэж мэдэгдсэн юм.
Мөн тэрээр, «үнэгүй, маш үнэтэй онгоцноос зөвхөн тэнэг хүн л татгалзана” хэмээн онцлон хэлсэн байна.
Трампын тайлбарласнаар, Катар болон бусад Зүүн Өмнөд Азийн орнуудад АНУ-ын зүгээс үзүүлсэн тусламжийн хариу болгон ийм талархал илэрхийлж байгаа аж. Харин тэрбээр уг онгоцыг ирээдүйд өөрийн Ерөнхийлөгчийн номын санд хандивлах төлөвлөгөөтэй байгаа хэмээн дурдсан байна.
Гэсэн ч зарим хуульч, эрх зүйчид энэ төрлийн бэлэг хүлээн авах нь АНУ-ын Үндсэн хуулийн хүрээнд хориглосон “гадаадын төр, байгууллагаас ашиг хонжоо авахгүй байх” заалтыг зөрчиж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Нэмж дурдахад, шинжээчдийн зүгээс Трампын хоёр дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үед ёс зүйн болон хууль эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлох хандлага нэмэгдэж байгаа талаар анхааруулжээ.
