ОХУ-ын Оренбург хот Сенегалаас ТҮК-ийн ажилчид авч эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОХУ ТҮК-ийн ажилчдаа Африкаас авдаг болжээ

ОХУ-ын Оренбург хотын захиргаа ажиллах хүчний хурц хомсдолыг нөхөхийн тулд алс холын Африк тивээс ажиллах хүчин авч эхэлсэн байна. Сенегал улсын иргэдтэй нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд анхны ээлжийн ажилчид цас хайлахаас өмнө ирж, үүрэгт ажилдаа ороод байгаа ажээ.

Хотын дарга нарын тайлбарлаж буйгаар, Оренбургийн иргэд цаг агаарын хүнд нөхцөлд гудамж талбай цэвэрлэх сонирхолгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Өмнө нь Төв Азийн орнуудаас буюу Тажикстан, Туркменистанаас ажилчид ирдэг байсан ч тэд тогтвор суурьшилтай ажиллалгүй, удалгүй бусад томоохон хотууд руу шилжин явдаг нь хүний нөөцийн хүндрэл үүсгэж байжээ.

Шинээр ирсэн Сенегал ажилчдын хөдөлмөрийн нөхцөл болон тавигдах шаардлагыг доор тоймлов:

  • Ажлын цаг: Долоо хоногийн 6 өдөр, өглөө 08:00-аас орой 18:00 цаг хүртэл ажиллана.
  • Цалин хөлс: Сард 55,000 рублийн цалин олгоно.
  • Шалгуур: Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувийн сахилга бат сайтай иргэдийг сонгож авсан.
  • Бэлтгэл: Ажилдаа гарахаас өмнө тэдэнд ойр зуурын мэргэжлийн хэлний сургалт орж байна.

Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс эхний ээлжинд Сенегал залуусыг хотын гудамж талбайн цэвэрлэгээнд гаргаж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол цаашид ОХУ-ын бусад хотуудад ч Африк ажилчдыг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү алхам нь Оросын хот тохижилтын салбарт шинэ туршлага болон хүлээгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй