АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр агаарын довтолгооноос бүрэн хамгаалах “Golden Dome” (Алтан Бөмбөлөг) нэртэй шинэ хамгаалалтын системийн төлөвлөгөөг албан ёсоор зарлалаа. Тус систем нь баллистик болон далавчит пуужин, дуунаас хурдан зэвсэг, сансраас ирэх аюулд ч хариу үйлдэл үзүүлж чаддаг дэвшилтэт бүтэцтэй байх бөгөөд тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Тангараг өргөснийхөө дараахан Трамп холбогдох албаныханд шинэ үеийн агаарын довтолгооны аюулаас сэргийлэх систем боловсруулах даалгавар өгсөн бөгөөд өнөөдөр тэр төлөвлөгөө бодит ажил болон хэрэгжих шатандаа оржээ.
Шинэ төслийн эхний шатанд 25 тэрбум ам.долларын төсөв батлахаар хуулийн төсөлд тусгасан ч цаашдаа нийт зардал 175 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн, ирэх 20 жилийн хугацаанд зөвхөн сансрын хамгаалалтын хэсэгт 542 тэрбум ам.доллар зарцуулагдаж болзошгүй гэж Конгрессын төсвийн байнгын хороо тооцоолжээ.
Ерөнхийлөгч Трамп:
“Одоогоор бидэнд ийм цогц хамгаалалтын систем байхгүй. Пүршлэн зэвсгээс хамгаалах бие даасан шийдлүүд байгаа ч нэгтгэсэн, бүх талд хүрэлцэхүйц систем үгүйлэгдэж байна” хэмээн Зууван танхимд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Төслийг удирдах эрхийг АНУ-ын Сансрын зэвсэгт хүчний генерал Майкл Гутлэйн хүлээн авчээ. Шинэ систем нь хуурай газар, тэнгис, агаар, сансарт байрших мэдрэгчүүд болон таслан сөнөөх зэвсгүүдийг нэгтгэсэн цогц хамгаалалт болох бөгөөд дэлхийн аль ч цэгээс болон бүр сансраас ирэх довтолгоонд ч хариу үйлдэл үзүүлнэ гэдгээрээ онцлог.
Трамп мөн Канад улс уг системийн хамрах хүрээнд багтах сонирхлоо илэрхийлсэн талаар дуулгасан байна. Шинэ төсөл нь Израилийн 2011 оноос ашиглаж ирсэн “Iron Dome” системээс санаа авч, түүнээс хол илүү хүчин чадалтай байхаар зохион бүтээгдэж байгаа аж.
Пентагоны сүүлд гаргасан тагнуулын тайланд дурдсанаар Хятад болон Орос улс АНУ-ын одоогийн хамгаалалтын цоорхойг ашиглах шинэ төрлийн зэвсгүүдийг идэвхтэй туршиж буй талаар анхааруулсан нь “Golden Dome” системийг нэн яаралтай шаардлагатай болгожээ.