Table of Contents
Gilead Sciences компанийн боловсруулсан Yeztugo нэртэй ДОХ-ын эсрэг вакциныг АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар (FDA) албан ёсоор зөвшөөрөн баталлаа. Вакциныг жилд хоёр удаа тарьж хэрэглэснээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд клиникийн туршилтаар 99.9%-ийн өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.
Вакцины туршилт, үр дүн
Эмийн найрлага дахь ленакапавир нэртэй идэвхтэй бодисыг Gilead компанийн хоёр томоохон судалгаагаар шалгасан. Эхний туршилтад Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн орнуудаас ирсэн 2000 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд ДОХ-ын халдварт 100% хамгаалалт үзүүлсэн байна. Энэ нь өдөр бүр уудаг Truvada гэх таблеттай харьцуулахад өндөр давуу талтайг харуулжээ.
Хоёр дахь туршилтад 2000 эрэгтэй, эмэгтэй хамрагдаж, ердөө хоёр хүн халдвар авсан тул үр дүн нь 99.9%-д хүрсэн. Гаж нөлөөний хувьд тариулсан хэсэгт өвдөх, арьс цочрох, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг ажиглагдсан байна.
Үнийн асуудал ба хүртээмж
Хэдий үр дүн өндөр ч Yeztugo вакцины боломжит үнэ нь шүүмжлэл дагуулж байна. 2021 онд батлагдсан каботегравир хэмээх ижил төрлийн вакцины жилийн хэрэглээ 10 мянгаас дээш ам.доллар хүрсэн ч өргөн хэрэглээний хүртээмжгүй хэвээр байгаа. Yeztugo-ийн эхний үнэ 25 мянган ам.доллар байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ нь одоогийн ленакапавирын 39 мянган ам.долларын эмчилгээний зардлаас хямд байх төлөвтэй.
Ливерпүүлийн их сургуулийн химич Эндрю Хилл хэлэхдээ:
“Жилд 20 мянган ам.доллараас давсан үнэтэй вакциныг өндөр хөгжилтэй орнууд ч нийт хүн амд хүргэхэд хүндрэлтэй” хэмээн онцолжээ.
Дэлхий нийтийн хүртээмжийг нэмэгдүүлэх алхмууд
Gilead компани 2025 оны аравдугаар сард 120 орны дунд болон бага орлоготой улсуудад зориулсан генерик хувилбар үйлдвэрлэх эрхийг зургаан эмийн үйлдвэрт шилжүүлсэн байна. Гэвч үйлдвэрлэл эхлэх хүртэл хугацаа шаардлагатай.
Мөн Глобал сан-тай хамтран хоёр сая хүний тун худалдан авах гэрээг байгуулжээ. Гэсэн ч АНУ-ын Трампын засаг захиргаа PEPFAR хөтөлбөрийг бууруулсан нь уг гэрээний хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй байна.