13 настай Г.Асралт хүү болон түүний үнэнч нөхөр Цооцог нэртэй нохой цахим орчны хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдээд байна. Тэдний хамт дугуй унаж яваа бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдтай тарж, олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Хүү гэр бүлтэйгээ Салхитын зусланд амьдардаг бөгөөд өдөр бүр хөлбөмбөгийн талбайд хүрэх замдаа нохойгоо үүрээд дугуйгаар явдаг байна.
Г.Асралт “Өчигдөр хоёр ах бичлэг хийгээд, сошиалд тавьсан байсан. Өглөө босоод харсан чинь маш олон хүн биднийг өхөөрдсөн зурвас илгээсэн байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Нохой маань их цовоо сэргэлэн болохоор Цооцог гэж нэрлэсэн” хэмээн дурдсан юм.
7 сартай Цооцогийг өмнөх эзэн нь гадаадад явахаар болж, аргагүйн эрхэнд Асралтад өгсөн нь тэдний нөхөрлөлийн эхлэл болсон байна. Цооцог болон Асралт хоёр өдгөө салшгүй сайн найзууд бөгөөд хүү өдөр бүр нохойгоо дугуйныхаа хойд үүргэвчинд суулгаад хамт явдаг болжээ. Учир нь дугуй унах үед Цооцогийг дэргэд нь гүйлгэвэл хурдан ядраад байдаг тул ийнхүү үүрээд явах нь илүү тохиромжтой байдаг аж.
Асралт “Тэжээвэр амьтантай байна гэдэг нь хүнийг хариуцлагатай болгодог, хайрлах сэтгэлийг хөгжүүлдэг юм шиг санагддаг” хэмээн ярьсан. Харин Цооцог үүргэвчиндээ суух дуртай бөгөөд эзнээ дугуй унахад баясан сортолзож, яг л инээмсэглэж буй мэт аахилан суух нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөхөөр өхөөрдөм байдаг байна.