Улаанбаатар хотын оршин суугч, 13-19 насны таван өсвөр насны залуус нийслэл болон Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт автомашин хулгайлах, иргэд рүү халдах зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Цагдаагийн байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд баривчлагдсан байна.
Хэргийг тодруулбал, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А болон 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдээс Toyota Harrier, Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан авч, улмаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орхиж оргон зугтжээ. Түүнчлэн, энэ сарын 3-ны өдөр тэд Баянгол сумын нутгаас дахин Toyota Harrier маркийн машин хулгайлж, тээврийн хэрэгслээ унаж явахдаа замдаа бусадтай маргалдан, нэг иргэнийг хутгалан гэмтээж зугтсан байна.
Мөн энэ бүлэг этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota Prius 41 болон Subaru Forester загварын автомашинуудыг хулгайлан зугтаасан бөгөөд уг хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг Цагдаагийн байгууллага Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт дайчилгааны ажиллагаагаар баривчилжээ.
Иймд Цагдаагийн ерөнхий газраас иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийн тулд харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, хаалга болон асаалтын системийн элэгдэж хуучирсан хэсгүүдийг заавал шинэчлэн солих, автомашинаа онгорхой орхихгүй байх зэрэг хяналтын арга хэмжээг авах шаардлагатай. Мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ анхааралдаа авч, тэдний үйл хөдлөлд тавих хяналтаа чангатгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.