Төв талбайд “Дээлтэй Монгол” үндэсний наадам нээлтээ хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Төв талбайд “Дээлтэй Монгол” наадам эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүрээнд зохиогдож буй үндэсний их баяр наадмын нэгэн чухал хэсэг болох “Дээлтэй Монгол” наадам Төв талбайд эхэллээ.

Энэхүү наадам нь 19 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголчуудын үндэсний хувцас, уламжлал, биет болон биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилго агуулдаг.

Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулж буй. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монгол Костюмс ХХК зэрэг олон байгууллага дэмжин оролцож байна.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадам дараах үндсэн хэсгүүдээс бүрдэж байна:

  • Үндэсний хувцастай иргэдийн парад
  • Ардын урлагийн тоглолт, мэндчилгээ
  • Үндэсний хувцасны загварын шоу
  • Дээл, хувцастай холбоотой уралдаан, тэмцээнүүд
  • Монгол гэр, зан заншлыг танилцуулах хотхон
  • Үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Тойрон бүжиг болон уламжлалт бүжгийн тоглолтууд

Энэ удаагийн наадамд Монгол туургатны төлөөлөл өргөнөөр оролцож байгаа ба БНХАУ-ын Өвөр Монгол болон Шинжаан Уйгарын төлөөлөгчид өөрсдийн угсаатны онцлог бүхий хувцас, соёлоо танилцуулан хүндэтгэлийн жагсаалд оролцсон нь арга хэмжээг илүү олон өнгө аяс, үндэстний баялаг соёлтой болгожээ.

Жил бүр 10,000 гаруй оролцогч, 15,000 гаруй үзэгчийг хамардаг уг наадам нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсан, нийслэл хотын соёлын амьдралын онцгой үйл явдал болж хувирсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment