Монголын хип хопын нэр хүндтэй төлөөлөгч “Ice Top” хамтлаг АНУ-ын алдарт “Onyx” хамтлагтай хамтран ирэх наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Шүтээн минь” нэртэй хамтарсан тоглолт хийхээр болсон байна. Тус өдөр нь Монголын Аавуудын баярт тохиож байгаа бөгөөд уг тоглолт нь хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг харуулсан онцлох арга хэмжээ болох юм.
Ice Top хамтлагийн гишүүн Kobe буюу С.Чулуунбаатар: “Манай тоглолтын найруулагчаар Skin энтертайнментын Б.Анар ажиллаж байна. Бид энэ удаагийнхаа тоглолтын бэлтгэлийг хоёрдугаар сараас эхэлсэн. Тоглолтод зориулж шинэ уран бүтээл туурвиж байгаа бөгөөд баяр наадмын дараа шинэ дуугаа олон нийтэд хүргэнэ. Мөн Onyx хамтлагтай хамтран шинэ дуу гаргах төлөвлөгөөтэй байна. Манай хамтлаг 25 орчим дуу толилуулах бөгөөд өмнө нь тоглолтод дуулагдаагүй бүтээлүүдийг ч хүргэх болно. Onyx хамтлаг ч мөн адил 25 дуугаа хүргэхээр жагсаалтаа ирүүлсэн. Бид олон талаараа төстэй хамтлагууд. Тиймээс хамтарсан тоглолтын санааг зохион байгуулагчид маань тавьсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сараас эхлэн ярилцаж, харилцан тохиролцсон. Эцэст нь наймдугаар сарын 2-нд тэд Монголд ирэх бөгөөд шууд клипний бичлэгт орж, тухайн долоо хоногт дуугаа цацахаар төлөвлөж байна” гэж онцолжээ.
Onyx хамтлагийн албан ёсны цахим хуудсанд Улаанбаатарт болох тоглолтын тов нийтлэгдсэн бөгөөд тэд энэ сарын 11-нд Их Британийн Лондон хотод тоглохоор төлөвлөсөн байна. Энэхүү хамтарсан тоглолт нь хип хоп сонирхогчдод зориулсан онцгой үйл явдал болж, шинэ бүтээл, тэсрэлттэй үзүүлбэрүүдийг амлах нь гарцаагүй юм.