Брэдли Бил Клипперст нэгдэж, “Их 3” төслийг орхилоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Брэдли Бил Клипперст нэгдэж, “Их 3” төслийг орхилоо

NBA-ийн гурван удаагийн Бүх оддын тоглогч Брэдли Бил Финикс Санс багтай холбоотой гэрээгээ цуцалж, Лос Анжелес Клипперс багт элсэх тохиролцоонд хүрчээ. Энэ талаар Америкийн томоохон хэвлэлүүд Лхагва гарагт мэдээлсэн байна.

Сүүлийн хоёр улиралд Бил Финикс Сансын Кевин Дюрант, Девин Бүүкер нартай хамт амбиц өндөртэй «Их 3» бүрэлдэхүүнд тоглосон ч баг нь зөвхөн плэй-оффын нэг тойрогт оролцсон төдийгөөр хязгаарлагджээ. Тус багийн бүтэлгүй үр дүн нь Дюрантыг Хьюстон Рокетс руу явуулахад хүргэсэн бол Билын ирээдүй ч мөн тодорхойгүй болсон.

Бил Финикс Сансад өнгөрсөн улиралд 17 оноо дундажлан авсан нь сүүлийн 10 жилд хамгийн доогуур үзүүлэлт байв. Түүнчлэн олон жилийн туршид бэртэлд шаналсан Бил Санс багт бүрэн хүчээрээ тоглож чадалгүй байжээ.

Финикс Санс, Билыг багтаа авч үлдэх боломжийг удаан хугацаанд хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрч, гэрээний сүүлийн хоёр жилд төлөгдөх ёстой байсан 110 сая ам.доллараас 13.9 саяыг хасах нөхцөлтэйгөөр түүнийг суллажээ. Ингэснээр Санс илүү уян хатан цалингийн системтэй болж, бусад тоглогчийг элсүүлэх боломж бүрдсэн байна.

Чөлөөт агент болсон Бил Лос Анжелес Клипперстэй хоёр жилийн хугацаатай, 11 сая ам.долларын гэрээ байгуулах төлөвтэй байна гэж түүний агент Марк Бартелштейн ESPN-д мэдээлсэн байна.

Клипперс баг энэ зун шилжилт, наймааны зах зээл дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд багийн гол тоглогчид болох Кави Леонард, Жеймс Харден нарыг тойрсон бүрэлдэхүүнийг улам бэхжүүлэх зорилготой. Түүнчлэн Клипперс өмнө нь Ютагийн Жон Коллинз, Милуокигийн Брук Лопез нарыг авснаар дотоод тоглолтоо өргөжүүлжээ.

Брэдли Билыг авах сонирхолтой бусад багуудад Лос Анжелес Лэйкерс, Майами Хит, Милуоки Бакс, Миннесота Тимбервулвес багууд байсан ч эцэст нь Клипперс баг түүнийг өөртөө нэгтгэж чадсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment