Монголын хип хоп урсгалын нэрийн хуудас болсон Lumino хамтлаг 27 жилийн дараа анх удаа бие даасан томоохон тоглолтоо хийхээр болжээ. “The one” нэртэй энэхүү тоглолт 2025 оны наймдугаар сарын 16-нд Social Pay Park-т болно. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар хамтлаг тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тоглолтын онцлог:
- 44 хит дууг багтаах бөгөөд тэдний тал нь амьд хөгжимтэйгээр эгшиглэнэ.
- Зочин уран бүтээлчгүй, эхнээсээ дуустал зөвхөн Lumino дуулах болно.
- Үзэгчдийн хамгийн их мэддэг, хүсэлттэй дуунуудыг сонгон хүргэнэ.
Хамтлагийн гишүүн Д.Анхбаатар хэлэхдээ:
“Анхны тоглолтоо хийхдээ юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүд байсан. Одоо бол үзэгчдэдээ алдаагүй, бүрэн гүйцэд тоглолт хүргэх талаар хамгийн их боддог болсон. Энэ бол зөвхөн манай фенүүд цуглах 27 жилийн дараах шалгалт юм.”
Тэдний хувьд “Хүнийх”, “Насан туршдаа” зэрэг онцгой түүхтэй дуунууд тоглолтод багтана. “Хүнийх” дуу ердөө 40 минутын дотор бүтсэн ч олон жилийн дараа үзэгчдийн хүсэлтээр клиптэй болж байсан бол, “Насан туршдаа” дуу 24 жилийн дараа клипжсэн нь онцлог.
Хэрэв сүүлийн удаа тайзан дээр гарах бол ямар дуу дуулах тухайд Анхбаатар:
“Бидний сүлд дуу ‘Lumino энд гарч ирэв’-ээ дуулна гэж бодож байна. Энэ удаад тоглолтын найруулга маш өөр, эхнээсээ тэсрэлттэй байх болно.”
Ирээдүйн төлөвлөгөөний тухайд хамтлаг уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд саяхан “Lumino Best of Vol.1” пянзаа гаргажээ. Цаашид “Vol.2”, магадгүй “Vol.3”-ийг ч гаргахаар төлөвлөж байна.