УХТЭ 3D дурангийн технологи ашиглан дөрөв дэх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
УХТЭ 3D дурангийн технологи ашиглан дөрөв дэх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн (УХТЭ) Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 3D дурангийн технологи ашиглан дөрөв дэх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Энэ удаагийн хагалгааг УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд удирдан явуулсан бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн оролцсон байна.

Эмнэлгийн ерөнхий захирал Э.Анхбаяр:

“УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслынхаа дөрөв дэх тохиолдлыг хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар гүйцэтгэлээ. Монголд донорын элэг тайрах мэс заслыг долоон удаа дурангийн аргаар хийснээс дөрвийг нь манай эмнэлэгт хийсэн. Цаашид бид бөөр, уушги шилжүүлэн суулгах, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэжээ.

Тэрбээр мөн УНТЭ, ХСҮТ-тэй хамтран эмч, мэргэжилтнүүдийн сургалтыг тогтмол зохион байгуулж буйг онцлоод, БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран “KOFIH” төслийн хүрээнд дурангийн мэс заслын хөгжилд түлхэц өгч байгааг дурдсан байна.

Ерөнхий мэс заслын тасгийн эмч Б.Онон:

“Энэ онд нийт таван элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг аргыг нэвтрүүлэн, 3D дурангийн технологи ашиглаж байна. Цаашид ч энэ зарчмыг баримтална” гэжээ.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдсан нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөгжилд чухал түлхэц болж буйг тэмдэглэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй