Table of Contents
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) хуульд орох өөрчлөлтийн талаар ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Буцаан олголтын шинэ журам
Шинэчилсэн найруулгаар иргэдийн худалдан авалтын хэмжээнээс хамаарч татварын буцаан олголтыг дараах байдлаар тооцохоор төлөвлөжээ.
- 500,000 төгрөг хүртэл – төлсөн НӨАТ-ын 100 хувийг буцаана.
- 500,001–800,000 төгрөг хүртэл – төлсөн НӨАТ-ын 50 хувийг буцаана.
- 800,001 төгрөгөөс дээш – төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаана.
Ийнхүү буцаан олголтын хувь нэмэгдсэнээр нэг сая төгрөгийн орлоготой иргэн хуучнаар 15 мянган төгрөгийн буцаалт авч байсан бол шинэчлэгдсэн тохиолдолд 65 мянган төгрөгийн буцаалт авах боломжтой болох юм.
Гол өөрчлөлтүүд
- НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгон тогтоож, хялбаршуулсан бүртгэлийг нэвтрүүлнэ.
- Иргэд татварынхаа тайланг дөрвөн жилийн дотор засах боломжтой болно.
- Гаалиар орж ирсэн бараанд НӨАТ төлөх хугацааг 1–2 сараар хойшлуулах зохицуулалт хийнэ.
Цахим үйлчилгээ болон онлайн худалдаа
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим үйлчилгээ болон онлайн худалдааны бараанд НӨАТ ногдуулах шаардлагыг онцоллоо.
Одоогийн байдлаар дотоодын үйлчилгээ үзүүлэгчид НӨАТ төлдөг бол, гадаадын платформоос (Netflix зэрэг) хэрэглэж буй үйлчилгээ татваргүй байдаг. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнийг алдагдуулж байгаа тул шинэчилсэн хуулиар бүх төрлийн цахим үйлчилгээ, онлайн дэлгүүрийн бараанд НӨАТ ногдуулах юм.
Гар дээрээс худалдаа эрхлэгчдийн тухай
Гар дээрээс мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдахдаа НӨАТ ногдуулах зохицуулалт мөн тусгагджээ. Харин энэ нь худалдаачдад дарамт болохгүй бөгөөд и-баримт олгож, НӨАТ-тай дүнг системээс хасах боломжийг татварын алба олгоно гэж тайлбарлав.
Ингэснээр хүнсний үйлдвэрүүдийн өртөг буурах нөхцөл бүрдэх бөгөөд татварын шударга тогтолцоог бий болгох зорилготой гэж албаныхан мэдээлэв.