Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню улс төрийн хямралын улмаас огцорчээ гэж BFMTV суваг Элисейн ордноос мэдээлэв. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний хэсгийг танилцуулсны дараа тэрээр ширүүн шүүмжлэлд өртсөн байна.
Францын Социалист намын тэргүүн Оливье Фор энэхүү нөхцөл байдлыг “урьд өмнө байгаагүй улс төрийн хямрал” гэж нэрлэж, танилцуулсан бүрэлдэхүүнийг “сул” хэмээн дүгнэв. Харин “Үндэсний нэгдэл” намын дарга Жордан Барделла Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Үндэсний Ассамблейг тарааж, улс орны тогтвортой байдлыг сонгуулиар сэргээхийг шаардав.
- Себастьен Лекорню Макроны ойрын холбоотон бөгөөд 2025 оны 9-р сарын 9-нд Ерөнхий сайдаар томилогдсон.
- Тэрээр парламент итгэл үзүүлэхээс татгалзсаны дараа огцорсон Франсуа Байругийн оронд ирсэн ч ердөө нэг сараас бага хугацаанд ажилласан.
- Байру өөрөө ердөө есөн сар Ерөнхий сайдын албыг хашсан билээ.
2027 оны сонгууль
Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2027 онд болно. Макрон гурав дахь удаагаа нэр дэвших эрхгүй. “Үндэсний нэгдэл” намын удирдагч Марин Ле Пен ялалт байгуулна гэж найдаж байгаа ч түүнийг ЕХ-ны хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэргээр шийтгэсэн тул сонгуульд оролцох эрхгүй. Хэрэв давж заалдах шатны шүүх түүний талд шийдвэр гаргавал тэр дахин нэр дэвших боломжтой, харин үгүй бол намын дарга Жордан Барделла нэр дэвших магадлал өндөр байна.