Байгаль орчны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу “Амьтны тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын хэмжээнд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад нийтдээ 1200 орчим иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар агнах, барих, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдах, худалдан авах, тээвэрлэх зэрэг 371 зөрчил илэрсэн байна.
Эдгээр зөрчлүүдэд нийт 24 зүйлийн 1713 бодгаль амьтан өртсөн бөгөөд үүнд:
- Мануул – 3
- Зэрлэг гахай – 6
- Бор гөрөөс – 3
- Цагаан зээр – 15
- Чоно – 16
- Үнэг – 5
- Алтайн тарвага – 17
- Монгол тарвага – 691
- Зээрд шонхор – 1
- Нөмрөг тас – 3
- Дагуур ятуу – 7
- Ногтруу – 247
- Тагтаа – 124
- Монгол хадран загас – 72
- Шивэр хадран загас – 71
- Зэвэг – 27
- Алтайн сугас – 16
- Цагаан загас – 88
- Булуу цагаан – 36
- Амарын цулбуурт – 35
- Алгана – 1
- Гутаарь загас – 1
- Улаан нүдэн загас – 32
- Бусад загас – 196 бодгаль тус тус өртжээ.
Шалгалтын үр дүнд 365 иргэн, нэг хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 92.5 сая төгрөгийн торгууль, 514.3 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна. Мөн хууль бусаар олсон 600 мянган төгрөгийн орлогыг хураан улсын орлого болгожээ.
Үүнээс гадна таван хүнд холбогдох зөрчилд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.