ГИХГ: Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол нэмэгдэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улсын виз

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) мэдээлснээр сүүлийн үед Монгол Улсын виз болон визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд илэрч байгаа аж. Виз болон зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжсэн ч зарим этгээд хуурамч баримт бичиг ашиглан бусдыг залилан мэхэлж байна.

Тус байгууллагын мэдээлснээр, Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэдийн нэг хэсэг нь уригч байгууллагын нэрийг хууль бусаар ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрлийн мэдээллийг өөрчилж, хуурамч холбоос (fake link) үүсгэн ашигласан нь тогтоогджээ.

Сэрэмжлүүлэг ба зөвлөмж

ГИХГ-аас дараах анхааруулгыг өгч байна:

  • Виз болон визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ГИХГ-ын албан ёсны цахим хуудас https://immigration.gov.mn/ -аас шалгах
  • Визийн зөвшөөрлийн цахим системийн албан ёсны домэйн https://isf.mn/ хаяг зөв бичигдсэн эсэхийг нягтлах
  • Хууль бус виз зуучлагч, хувь хүн, байгууллагад хандахгүй байх

Хуурамч визийн хор уршиг

ГИХГ-ын тайлбарласнаар, визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг Монгол Улсын хилийн боомт болон хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгадаг. Иймд хуурамч баримт бичиг ашиглан улсын хилээр нэвтрэх боломжгүй юм.

Тус байгууллагаас гадаадын иргэд болон уригч байгууллагуудыг хууль бус үйлдэлд оролцохгүй байх, хуурамч визийн саналд автахгүй байхыг анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй