Table of Contents
Netflix-ийн “Physical: Asia” шоуны анхны ялалтыг БНСУ-ын шигшээ баг хүртэж, нэг тэрбум воны эзэд болсон. Тус багт өмнөх хоёр улирал зохиогдсон “Physical: 100” шоуны гол өрсөлдөгчид, ялалт байгуулж байсан тамирчид нэгдсэн нь энэ удаагийн амжилтын хамгийн гол нууцын нэг гэж үзэгдэж байна. Тэдний дундаас багийн зангидсан удирдагч, стратегич нь гэгддэг Амотти буюу Ким Жэ Хуны намтрыг товч танилцуулъя.
Кроссфитийн ертөнцийн “од”
Амотти 33 настай, үндсэн мэргэжил нь кроссфитийн тамирчин. Цэргийн албаа дүүргэсний дараа дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа хөгжүүлэхээр шийдэж, кроссфитийн зааланд анх хөл тавьжээ. Тэр богино хугацаанд ур чадвараа өсгөж, YouTube-д бэлтгэлийн бичлэг, зөвлөгөөтэй контент тавьж эхэлснээр олон мянган дагагчтай болсон.
Спортын карьерт нь дараах гол амжилтууд бий.
- Олон улсын “CrossFit Leaderboard” тэмцээнд дэд байр эзэлсэн
- 2018 онд Ази тивийн эрэгтэйчүүдийн ангилалд 24-р байр эзэлсэн
- 2023 онд БНСУ-д болсон бодибилдингийн “Show Me Your Body” тэмцээнд оролцсон
Өөрөөр хэлбэл тэр зөвхөн кроссфитээр хязгаарлагдахгүй, олон төрлийн хүчний спортын дэвжээнд өөрийгөө сорьж ирсэн тамирчин юм.

“Physical:100” шоуны аварга
“Physical:100” шоунд оролцохоосоо өмнө Амотти кроссфитийн хүрээлэлд аль хэдийн танигдсан спортлог инфлюэнсер байсан. Хоёрдугаар улирлын оролцогчдын олонх нь түүнийг өмнөөс нь бэлтгэлээр таньдаг байсан бөгөөд энэ нь шоунд багийн ажиллагааг бий болгоход ч давуу тал болсон.
Финалын шатанд тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, хүчний туйлын хязгаарыг шалгасан гурван төрлийн даалгаврыг дараалан гүйцэтгэж, 300 сая воны шилдэгийн шагналыг хүртсэн. Шоу цацагдсаны дараа Амоттигийн YouTube суваг богино хугацаанд 190 мянгаас 300 мянга орчим дагагчтай болж, спортын контент бүтээгчийн хувьд нэр хүнд нь эрс өссөн.
Тэр үедээ “Энэ тэмцээнд оролцоно гэж шийдсэн өдрөөс хойш өдөр бүр бүх чадлаараа бэлтгэл хийсэн, бууж өгөхгүй байх итгэл минь намайг аварга болголоо” хэмээн хамт тэмцсэн 99 тамирчиндаа талархал илэрхийлж байв.

Хүнд ослын дараах гайхалтай эргэн ирэлт
Амоттигийн амжилтын ард хүндхэн сорилт, эрүүл мэндийн асуудал бий. 2021 оны нэгдүгээр сард спорт заал руугаа скүүтерээр явахдаа автомашины осолд орж, шагайгаа маш хүнд гэмтээжээ. 10 цаг үргэлжилсэн мэс заслын дараа эмч нар түүнд “дахин спортоор хичээллэнэ гэдэг бараг боломжгүй, бүр сайн алхаж ч чадахгүй үлдэх эрсдэлтэй” гэж хэлсэн байна.
Тэр нэгэн ярилцлагадаа:
“Эмч нар намайг дасгал хийх бүү хэл алхаж чадахгүй байж магадгүй гэсэн мөчид бүх амьдрал минь нурж байгаа юм шиг санагдсан. Ээж минь бүтэн сарын турш асарч сувилсан учраас түүний өмнө сэтгэлээр унаж болохгүй юм байна гэж бодсон. Тэр хүнд үеийг даваад гарсан өөртөө, намайг түшиж явсан ээждээ маш их талархдаг”
хэмээн дурссан байдаг. Хоёр жилийн турш гам барьж, сэргээн засах эмчилгээ, боломжоороо хийсэн бэлтгэлийн үр дүнд тэр төдийгүй дэлхийн хэмжээний тэмцээнд дахин өрсөлдөх хэмжээнд биеэ сайжруулж чадсан нь олон хүнд урам зориг өгсөн түүх болжээ.
Найз нөхөд, хамтрагчидтай өргөн хүрээтэй
Амоттиг ойр тойрных нь хүмүүс уужим сэтгэлтэй, нөхөрсөг зангаараа онцолдог. “Physical:100”-ийн эхний улирлын од оролцогчдын нэг, мөн “Physical: Asia” БНСУ-ын багийн тамирчин Юн Сон Бинтай олон жилийн турш хамт бэлтгэл хийсэн найзууд. Сон Бин түүнд шоунд оролцохын өмнө “урт хугацааны бичлэгийн хоорондоо заавал амарч, биеэ хайрлаж бай” хэмээн зөвлөсөн тухай Амотти өөрөө ярьсан байдаг.
Түүний YouTube сувгаар дамжуулан бусад алдартнуудтай хамтарсан олон влог, бэлтгэлийн бичлэг цацагдсан. Жишээ нь, “Singles’ Inferno” нэвтрүүлгийн S2 улирлын И Жүн Сог хүртэл хамтран контент хийж байсан бол саяхан Австралийн хүчний спортоор хичээллэдэг Эдди Уиллиамс, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр нартай хамтарсан шинэ влог нийтэлж, олон улсын үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Хувийн амьдрал – даруухан хайр
Амотти 2023 оны наймдугаар сард гэр бүлтэй болсон. Тэр гэр бүлийнхээ тухай олон нийтэд дэлгэрүүлэхээс илүү, хувийн орон зайгаа хамгаалахыг илүүд үздэг ч эхнэрийнхээ сошиал хуудсан дээр байнга урам зориг өгсөн, хайр дүүрэн сэтгэгдэл бичдэг нь фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөдөг. Спорт, контент бүтээл, гэр бүлийн амьдралаа тэнцвэржүүлж чадсан нь түүний өнөөгийн амжилтын бас нэг нууц гэж хэлж болно.
“Physical: Asia”-д багийн лидерийн хувиар тэр зөвхөн биеийн хүчээр бус, тууштай байдал, эерэг хандлагаараа багийнхнаа нэгтгэж, Солонгосын багийг аваргын суудалд хүргэсэн. Иймээс Амотти бол зөвхөн кроссфитийн аварга төдийгүй, олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болсон спортлог инфлюэнсер, тэмцэгч билээ.
