Layla анхны “Салхи” бүтээлээрээ монгол уртын дуутай мелодик техно төрүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Layla анхны “Салхи” бүтээлээрээ монгол уртын дуутай мелодик техно төрүүлэв

Монголын эмэгтэй DJ артистууд дундаас өөрийн өнгө төрх, сетээрээ ялгарч ирсэн Layla цаашид зөвхөн микс хийдэг бус, бие даасан уран бүтээлч болох алхмаа хийж эхэллээ. Тэрбээр анхны EP цомгийнхоо нээлтийг “Салхи” нэртэй шинэ дуугаараа эхлүүлэн сонсогчдод хүргээд байна.

Түүнтэй богино боловч сонирхолтой ярилцсанаа хүргэе.

DJ-аас дуучин руу: шинэ шатны эхлэл

-Сонсогчид таныг DJ гэдгээр тань мэднэ. Харин хэзээнээс дуулж эхлэв?

-Би 2013 оноос эхлэн дуу хөгжим сонирхон DJ хийж эхэлсэн. Бүжиглэх сонирхол, ур чадвар минь намайг хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэхэд болно. Энэ жилээс эхлэн өөртөө шинэ challenge хийж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.

Layla хөгжмийн тайзан дээр анх DJ байдлаар гарч ирсэн ч, бүжгийн ур чадвар, тайзны энерги нь түүнийг илүү том зүйл рүү — өөрийн дуу, өөрийн өнгөтэй уран бүтээл рүү хөтөлсөн нь энэ. 2025 он түүнд “шинэ эхлэл” болж, миксерийн ардаас микрофон руу шилжих зоригтой алхам хийхэд хүргэжээ.

“Салхи” – монгол хэв маягтай мелодик техно

-Дууны анхны уран бүтээл болох “Салхи”-ийнхаа талаар яривал?

-“Салхи” бол миний анхны цомгийн эхний дуу болон гарч байгаа, мелодик техно урсгалын дуу. Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж уг бүтээлдээ шингээсэн. Дууны хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон миний бие өөрөө хийж, ая, дууны найруулга дээр дуучин Б.Замбалгарав ажиллаж, дууны шүлгийг Kenn бичиж, дууны бичлэгийг “Clef recordings” студийн инженер Одмандах хийж гүйцэтгэсэн. Видео клипийг “March nine” студи хийж бүтээсэн.

“Салхи” нь зөвхөн нэрний хувьд биш, хэмнэл, араншин талаасаа ч сонсогчдын дунд шинэ салхи сэвэлзүүлэхээр зорьжээ. Уртын дууны хөөмийтэй адил уудам орон зай, монгол аялгууг мелодик техно урсгалтай огтлолцуулах замаар Layla үндэсний өнгө аястай, клубын уур амьсгал хосолсон бүтээл төрүүлсэн байна.

Анхны EP – таван дууны аялал

-Анхны цомог гэж дурдлаа. Цомгоо хэзээ сонсогчдод хүргэх вэ?

-House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар аудио бичлэгийн ажлууд дуусаж, миксинг мастерын ажлууд хийгдэж байна. 2026 оны эхний сардаа гаргахаар ажиллаж байна.

Түүний бэлтгэж буй EP нь клубын соёл, орчин үеийн электро хөгжмийн хоёр гол урсгал болох house болон techno-гийн нэгдэл байх аж. Бүх дууны аудио бичлэг дуусч, одоо эцсийн чимэг — миксинг, мастерын шатандаа явж байгаа нь удахгүй сонсогчдын чихэнд хүрэхэд бэлэн болсны дохио юм.

Монгол хэв маягийг дэлхийд хүргэх зорилго

-Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Цаашдын зорилго гэвэл уран бүтээлүүдээ аль болох чанартай сайн гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн уран бүтээлдээ түлхүү шингээж гадны улс орнд таниулан сурталчлахыг хичээж зорьдог.

Layla зөвхөн Монголын клубын тайзан дээр бус, дэлхийн тайзан дээр монгол хэмнэл, соёлыг хүчтэйгээр мэдрүүлэхийг хүсч байна. Түүний зорилго бол монгол уртын дуунд шингэсэн гүн утга, уламжлалт аялгууг орчин үеийн электрон хөгжимтэй уялдуулж, гадаадын сонсогчдод танил, гэхдээ өмнө нь сонсож байгаагүй өвөрмөц хэлбэрээр хүргэх.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй