Table of Contents
Украины озэкигийн замналыг Франц кино болгож байна
Сүүлийн Кюүшюү башёд түрүүлж, Украины түүхэнд анх удаа озэки цол хүртсэн Аонишикигийн амьдрал, замналын тухай Францад уран сайхны баримтат кино хийхээр болжээ. ОХУ Украин руу довтолсны дараа тэр ердөө 18 настайдаа Японыг зорьж, гурав жил, долоо хоногийн хугацаанд Эзэн хааны цомыг толгой дээрээ өргөсөн нь спортын ертөнцөд онцгой түүх болон үлдээд байна. Харь орны үндэсний бөхөөр хичээллэж, ёкозүна болохыг зорьж буй Аонишикийн тухай уг кино 2027 онд үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.
“Мөрөөдөл үхдэггүй” цувралын дараагийн баатар
Киноны нэрийг “HOPE 2ème opus des rêves ne meurent jamais” буюу “мөрөөдөл хэзээ ч үхдэггүй, үргэлжилсээр байдаг” гэсэн утгатайгаар нэрлэжээ. Энэ цувралын эхний бүтээлд Францын дарвуулт завьчин Яник Беставены амьдрал, туулсан сорилт, ялалтын түүхийг өгүүлсэн бол одоо дараагийн бүлгийг сүмо бөхийн дэвжээнд өөрийн мөрөөдлөө бичиж буй Аонишикид зориулж байна.
Киноны гол дүр Аонишики өөрийн амьдралын зам, шийдвэрийнхээ тухай ярьж, “Японд очно гэж би өөрөө шийдсэн. Ирээд нэг ч удаа хэцүү байна, больё гэж бодож байгаагүй. Өөрийн сонгосон замаараа ухрахгүй урагш явна” хэмээх үгнээс киноны үйл явдал эхлэх аж. Түүний энэ хатуу шийдвэр, ухрахыг мэдэхгүй зан нь киноны гол мессежийн нэг болох юм.
Сүмо дэлхийд шинэ өнгөөр гарах мөч
Сүмо бөхийн тухай баримтат кинонууд Японд өмнө нь хийгдэж байсан ч гадаад улсад, тэр дундаа Европт ийм төрлийн бүтээл хийгдэж байгаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ирэх оны зургадугаар сарын 13–14-нд Парист сүмо бөхийн аялан тоглолт болох бөгөөд тэндэхийн башёгийн гол анхаарлын төвд Аонишики өөрөө байх юм. Ингэснээр Аонишики зөвхөн дэвжээн дээр төдийгүй дэлгэцээр дамжин олон улсын үзэгчдэд сүмогийн ертөнц, түүний тэсвэр тэвчээр, мөрөөдлийн хүчийг харуулах нь ээ.