Дуучин Хваса: «Үзэсгэлэнтэйгээр Хагацъя» – Солонгосын Чартуудыг Тэргүүлсэн Түүх

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Hwasa

Өмнөд Солонгосын алдартай охидын хамтлаг «Mamamoo»-гийн гишүүн, дуучин Хвасагийн (Hwasa) шинэ уран бүтээл «Good Goodbye» дуу нь чартуудыг тэргүүлж, сүүлийн долоо хоногийн турш олон нийтийн анхаарлын төвд байна. Тус дуу өчигдөр Өмнөд Солонгосын бүх томоохон хөгжмийн чартуудад нэгдүгээрт бичигдсэн амжилтыг тогтоосон юм.

Бид өөрийн гэсэн өнгө төрх, үзэл бодлыг хөгжмийн ертөнцөд авчирсан дуучин Хвасагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Mamamoo

Хвасагийн Замнал ба Бэрхшээл:

  • Жинхэнэ Нэр: Түүний жинхэнэ нэрийг Ан Хе Жин (Ahn Hye Jin) гэдэг бөгөөд 1995 оны 7-р сарын 23-нд Жонжу хотод төрсөн.
  • Дебют Өмнөх Үе: Дунд ангиасаа дуу хөгжимд сонирхолтой байсан тэрээр уран бүтээлч болох мөрөөдөлтэй байжээ. Гэвч «Dazed» сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:»Дуучин болоход хангалттай хөөрхөн биш, к-поп айдолуудад байх ёстой нарийн эмэгтэйлэг хоолойтой биш» гэх шалтгаанаар олон агентлагаас татгалзсан хариу сонсож байснаа дурдсан.
  • Mamamoo Хамтлаг: 2014 оны 6-р сард «Mamamoo» хамтлагт албан ёсоор дебют хийсэн бөгөөд тэдний анхны бүтээл «Mr. Ambiguous» өндөр амжилт гаргасан. Хвасаг тухайн үеэс хамтлагийн гол хоолой гэж шүтэн бишрэгчид нь тодорхойлж байжээ.
Хваса

Хвасагийн Соло Карьер ба Философи:

Хваса 2019 оноос бие даасан уран бүтээлчийн карьераа эхлүүлсэн. Тэрээр соло бүтээлүүдээрээ дамжуулан өөрийгөө байгаагаар нь хайрлах, бие даасан байдал зэрэг К-поп ертөнцөд тэр бүр хөнддөггүй сэдвүүдийг илэрхийлдэг. Одоо тэрээр дуучин PSY-ийн үүсгэн байгуулсан PNation агентлагт харьяалагддаг.

  • «Maria» (2020) Дуу: Энэ дуу нь түүнийг биеийн галбир, дүр төрхөөр нь шүүмжилдэг үзэн ядагчдад хариу өгсөн бүтээл болсон. «Maria»-гаар дамжуулж тэрээр:»К-поп ертөнцийн хэтэрхий өндөр гоо сайхны шалгуурт нийцэх гэж өөрийгөө шархлуулж, шаналж байснаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаагаар нь хайрлах аялалаа эхлүүлж» буйгаа илэрхийлсэн.
  • Шинэ Стандарт Тогтоогч: Нэгэн арга хэмжээний үеэр тэрээр өөртөө итгэлтэйгээр:«Хэрвээ би энэ цаг үеийн гоо сайхны стандартад нийцэхгүй юм бол би өөрөө шинэ стандартыг тогтооно» гэж хэлж байсан нь түүний үзэл баримтлалыг тодотгодог.

«Good Goodbye» Дууны Утга Учир:

10-р сард цацагдсан «Good Goodbye» дуу нь Өмнөд Солонгосын кино урлагийн хамгийн том шагнал гардуулах «Blue Dragon Awards» ёслол дээр үзүүлсэн үзүүлбэрээс хойш хүчтэй тренд болж, бүх чартуудад тэргүүлсэн юм.

Хваса уг дууныхаа утгыг тайлбарлахдаа:

«Энэ дууг зөвхөн хайраасаа хагацах тухай гэж бүү ойлгоосой. Харин өөрсдийн туулсан хүндхэн өдрүүд, сэтгэлээсээ тавьж явуулж чадаагүй гашуун дурсамжууд, амьдралаасаа явуулж чадаагүй зүйлс, харамсаж явдаг мөчүүддээ бид ‘сайн яваарай’ гэж хэлээд үдэж болох юм шүү гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна.»

Хвасагийн хэлснээр, энэ нь хайртай хүнээс салахдаа хэлж чадах «баярлалаа» биш, харин тухайн хүн цаашаа ганцаараа сэтгэл дүүрэн явахад нь туслах урам зориг өгсөн үг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй