ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт Төрийн айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 12-р сарын 05-ны өдөр Нью-Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөгдөөд байна. Энэхүү айлчлал нь хоёр талын худалдаа, эрчим хүч, зэвсгийн нийлүүлэлтийн асуудлаар чухал ач холбогдолтой юм. Учир нь Энэтхэг бол ОХУ-ын зэвсэг болон газрын тосны томоохон импортлогч орон юм.
Эдийн засаг ба геополитикийн сорилтууд
Москва нь 2030 он гэхэд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Украин дахь дайн эхэлснээс хойш Европын орнууд ОХУ-аас худалдан авах эрчим хүчний хэмжээг эрс бууруулсан. Гэвч Энэтхэг улс үүний эсрэгээр, хямдарсан үнээр газрын тос худалдан авалтаа нэмэгдүүлсэн юм.
Гэвч энэ байдал нь Энэтхэгийг хүнд сонголтын өмнө аваачиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авснаас хойш Украины дайныг зогсоохын төлөө эрчимтэй ажиллаж эхэлсэн бөгөөд ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч буй Энэтхэг болон БНХАУ-д хариу арга хэмжээ авахыг сануулсан. Энэ нь Энэтхэг улсыг ОХУ болон АНУ-ын аль нэгийг сонгох хүндхэн сонголтын өмнө ирүүлжээ.
«Atlantic Council»-ийн ахлах судлаач Майкл Кугельман үүнийг тодотгохдоо:
“Энэтхэг улс хэцүүхэн сонголтын өмнө ирсэн. Москва эсвэл Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх алхам хийвэл аль нэгтэй нь харилцаагаа ухраах эрсдэлтэй”
хэмээн дүгнэсэн байна. Энэ нь Энэтхэгийн гадаад бодлогод үүсэж буй томоохон геополитикийн сорилт юм.