Холимог тулааны томоохон эвэнт болох “ONE Fight Night 38”-ийн гол тулаанд Монголын холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил түүхэн ялалт байгууллаа. Тэрбээр 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө Бразилын алдарт тулаанч, тухайн жингийн аварга Фабрисио Де Андраде-тай хүч сорин, дөрөвдүгээр үед боолтоор цэвэр ялалт байгуулж, “ONE Championship”-ийн дэлхийн аваргын бүсний эзэн боллоо. Ийнхүү Монголын тулааны спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн амжилт бүртгэгдлээ.
Б.Энх-Оргил энэ тулааны өмнө холимог тулааны мэргэжлийн дэвжээнд нийт 16 тулаан хийснээс 13-д нь ялж (3 КО), ердөө 3 ялагдал хүлээгээд байсан үзүүлэлттэй. Тэрбээр гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, тэсвэр, техник, сэтгэлзүйн хувьд өөрийн жингийн дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах хэмжээнд бэлтгэгдсэн нь энэ тулаанаар тод харагдлаа.
Харин түүний бүсийг булаан авсан Бразилын аварга Фабрисио Де Андраде нь кикбокс, муай тай суурьтай, нэн өндөр нэр хүндтэй тамирчин. Тэр:
- Кикбоксын дэвжээнд: 24 тулаан – 20 ялалт (7 КО), 4 ялагдал
- Холимог тулаанд: 12 тулаан – 10 ялалт (6 КО), 3 ялагдал
гэсэн чансаатай амжилттай байв. Ийм түүх, статистиктай аваргыг дэвжээн дээр буулган авч, дэлхийн аваргын бүсийг гартаа атгасан нь Б.Энх-Оргилын ур чадвар, сэтгэлийн хат, Монголын тулаанчдын түвшинг дахин бат нот харууллаа.