Дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулсан “Physical Asia” шоуны шилдэг оролцогчид Монголын тал нутагт хүч үзсэн “Physical: Welcome to Mongolia” тусгай нэвтрүүлэг өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн Netflix-ээр бүх орны үзэгчдэд нээлттэй боллоо. Өмнө нь зөвхөн БНСУ-д албан ёсны эрхтэйгээр түрүүлж гарч байсан бол ийнхүү олон улсын үзэгчид дөрвөн ангит энэхүү сонирхолтой цувралыг үзэх боломжтой болж байна.
Пандорагийн адил ширүүн өрсөлдөөн Монголын тал нутагт
Энэхүү шоу нь Монгол орны байгалийн эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ахуй дээр суурилсан сорилтуудаараа онцлог бөгөөд оролцогчдоос асар их тэсвэр хатуужил шаардсан юм.
Багуудын бүрэлдэхүүн: Монголын багийг Улсын арслан Б.Орхонбаяр ахалж, Э.Лхагва-Очир нар хүч үзсэн бол Солонгосын багийг холимог тулааны домог Ким Дон Хён ахалж, “Physical 100” шоуны ялагч Амотти тэргүүтэй хүчирхэг тамирчид бүрдүүлжээ.
Нээлтийн хуваарь ба үзэх боломж
Тус нэвтрүүлэг нийт дөрвөн дугаараас бүрдэх бөгөөд Netflix-ийн зүгээс 12 дугаар сарын 24 болон 31-нд хэсэгчлэн хүргэсэн юм. Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр дэлхийн бусад орны үзэгчдэд зориулсан албан ёсны нээлт болж, дөрвөн анги бүгд үзэхэд бэлэн болоод байна.
Монголын байгалийн үзэсгэлэн болон Азийн хамгийн бяртай, хүчтэй тамирчдын халуун тулааныг энэхүү цувралаас мэдрэх боломжтой.