Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан хэрэг
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48 настай эрэгтэй Б нь хөрш айлын 30 настай эмэгтэй болон дөрвөн настай охинд халдаж, амь насыг нь хохироосон хэрэг 2026 оны нэгдүгээр сарын 4-нд гарсан талаар мэдээллээ. Тодруулбал, Дунд дарь эхийн … тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл тухайн өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, 4 настай охин А нарын амь насанд халдаж, улмаар амь хохирсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж мэдээлэв. Мөн уг хэргийн улмаас гурван настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа аж.
ЦЕГ: Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас тодруулахад “мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвшөөрсөн хэмжээнд эргэн мэдээлэх боломжтой байна” гэлээ.
Хэрэгт холбогдуулан 48 настай эрэгтэй Б-г шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хөрш айлын эрэгтэй уг хэргийг үйлдсэн байж болзошгүй, мөн сэтгэцийн өөрчлөлтэй талаар дурдсан байна.