Хиймэл оюун ухаан ашиглан Германы цагдаагийн даргын дуу хоолойг дуурайж, залилан хийхийг оролджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сюзанна Штойдтен

Германы Баден-Вюртемберг мужийн Лар хотын цагдаагийн газрын дарга Сюзанна Штойдтены дуу хоолойг залилагчид хиймэл оюун ухаан ашиглан хувилгаж (clone), түүний ээжийг залилахыг оролдсон хэрэг гарчээ. BILD хэвлэлийн мэдээлснээр, энэ нь сүүлийн үед эрчээ авч буй “deepfake-audio” буюу дуу хоолойг хувилгах технологийн нэг жишээ юм.

Хэрэг явдал хэрхэн өрнөсөн бэ?

Залилагчид Сюзанна Штойдтены өмнө нь радиод өгч байсан ярилцлагыг ашиглан түүний дуу хоолойг хэдхэн секундийн дотор хиймэл оюун ухаанаар хуулбарлан авсан байна. Улмаар түүний өндөр настай ээж рүү утасдаж, төрсөн охин нь мэт ярин, яаралтай мөнгө хэрэгтэй болсон гэж дарамт шахалт үзүүлжээ.

  • Хуурамч дуудлага: Утасны цаанаас сонсогдох дуу хоолой төрсөн охиных ньхтай андуурахын аргагүй адилхан байсан тул настай эмэгтэй бүрэн итгэж, банк руу мөнгө авахаар явсан байна.
  • Азтай тохиолдол: Тэрээр банкинд очоод мөнгөө авахад тун ойрхон байсан ч эцсийн мөчид ямар нэг зүйл буруу байгааг өөрөө мэдэрч, залиланг зогсоож чаджээ.

Цагдаагийн анхааруулга

Цагдаагийн газрын төлөөлөгч Янник Хильгерийн хэлснээр, хиймэл оюун ухаан нь хэдхэн секундийн аудио бичлэг байхад л тухайн хүний дуу хоолойны өнгө, ярианы хэмнэлийг төгс дуурайж чаддаг болсон байна. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хохирогчийн хүүхэд, ач зээ нь болж жүжиглэн, сэтгэл санааны дарамт үзүүлэх замаар мөнгө нэхдэг аж.

Одоогоор эрүүгийн цагдаагийн газар уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй