Гол, нуурын мөсөнд цөмөрч хоёр иргэн харамсалтайгаар амиа алдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ

2026 он гарсаар усны ослын тохиолдол цөөнгүй бүртгэгдэж, хүний амь эрсэдсэн харамсалтай явдал бүртгэгдлээ. Нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна. Эдгээр ослын улмаас хоёр иргэн алтан амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолдсоныг албаныхан мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын нэгдүгээр сарын 11-ний өдрийн судалгаагаар ихэнх гол мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байна. Сүүлийн арван хоногт мөсний зузаан 5-60 см-ээр нэмэгдэж, нийт зузаан нь 25-130 см-т хүрсэн ч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зарим хэсэгтээ 5-30 см-ээр нимгэн байгаа юм.

Мөсний даац харилцан адилгүй, бэхжилт хангалтгүй байгаа тул дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг зөвлөж байна:

  • Цаг хугацаа хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх.
  • Мөсний даац хүн, мал, авто машин явахад хангалттай бэхжээгүй байгааг анхаарах.
  • Баталгаат бус замаар зорчиж, өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулахаас сэргийлэх.

Хэдийгээр хүйтний эрч чангарч мөсний зузаан нэмэгдэж байгаа ч голын уртын дагуух даац харилцан адилгүй байдаг. Тиймээс иргэд та бүхэн авто тээвэр хийхдээ зөвхөн баталгаат гүүр, замаар зорчиж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй