Хүйтний эрч чангарсан өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр иргэн осгож нас барлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр иргэн осгож нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 17-ноос 19-ний хооронд хүйтний эрч эрс чангарсантай холбоотойгоор хүний амь нас эрсэдсэн харамсалтай дуудлагууд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Орхон аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт осгосон байдалтай нас барсан иргэдийн цогцос олдсон бөгөөд одоогоор хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Урьдчилсан байдлаар хийсэн үзлэгээр амь хохирогчид нь 52-56 насны иргэд байсан бөгөөд тэд архи согтууруулах ундааг тун хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Согтолтын зэрэг өндөр байснаас биеэ удирдах чадвараа алдаж, гадаа удаан хугацаагаар байснаас болж амь насаа алдсан байх магадлалтай нөхцөл байдал урьдчилсан дүгнэлтээр гараад байгаа юм.

Иймд иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ үү:

  • Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаж, биеэ авч явах чадвараа алдаж гадаа осгохоос сэргийлэх.
  • Өвлийн хүйтэн өдрүүдэд дулаан хувцаслаж, гадаа удаан хугацаагаар байхаас зайлсхийх, ялангуяа шөнийн цагаар сонор сэрэмжтэй байх.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн, ахмад настан болон хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаас сэргийлэхийг анхааруулж байна. Хүйтний эрч сулартал иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, хөлдөж осгох аюулаас өөрийгөө хамгаалахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй