Барбадосоос дахин олдсон дэлхийн хамгийн жижиг могой

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Барбадосоос дахин олдсон дэлхийн хамгийн жижиг могой

20 жилийн турш устаж үгүй болсон хэмээн эмээж байсан дэлхийн хамгийн жижиг могой болох Leptotyphlops төрлийн мөлхөгчийг Барбадосын төв аралд дахин илрүүлжээ. Энэхүү олдвор нь байгаль хамгаалагчид болон биологичдын анхаарлыг дахин татаж байна.

10 см урттай, хоргүй могой

2025 оны гуравдугаар сард Барбадосын Байгаль орчны яам болон “Re:wild” байгууллагын хамтарсан судалгааны баг хадан доорх орчноос энэ жижиг могойг олжээ. Уг могой ердөө 10 сантиметрийн урттай, саарал өнгийн бие дээр хоёр шар судалтай бөгөөд нарийхан, гоймон шиг биетэй гэдгээрээ онцлогтой. Хоргүй бөгөөд морин шоргоолжоор хооллодог ажээ.

20 жил алга болсны дараа дахин илрэв

Могойг анх 2006 онд илрүүлж байсан ч үүнээс хойш үзэгдээгүй учраас устаж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байв. Харин энэхүү шинэ илрүүлэлт нь уг амьтан Карибын бүс нутагт амьд үлдсэнийг баталж байна.

“Re:wild”-ийн Карибын тэнгисийн хөтөлбөрийн ажилтан Жастин Спрингер судалгааны явцад модны үндэс дор нуугдсан чулууг эргүүлэхэд уг могойг илрүүлсэн байна. Үүнийг Баруун Энэтхэгийн их сургуульд хүргүүлэн шинжилсний үр дүнд Leptotyphlops болохыг нотолжээ.

Нөхөн үржих чадвар сул, байгалийн аюулд өртөмтгий

Энэ төрлийн могой бэлгийн замаар үрждэг бөгөөд эм нь нэг удаад зөвхөн нэг өндөг гаргадаг. Тиймээс тоо толгой өсөх магадлал маш бага. Байгаль орчны яамны төслийн ажилтан Коннор Блэйдс:

“Хэрэв энэ могойн тоо толгой бага байгаад, амьдрах орчин нь аюулд өртөж буй бол тэдний хос олох чадварт үнэхээр санаа зовж байна” хэмээн сэтгэл түгшсэнээ илэрхийлжээ.

Тэрбээр могой болон Барбадосын бусад ховор мөлхөгч амьтдын хамгаалалд олон улсын анхаарлыг хандуулах цаг болсныг ч онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment