Улаанбаатар хотын иргэд зун, хаврын улиралд Туул, Сэлбэ зэрэг голын эрэгт тайван амарч, амьд байгальд ойр оршихыг хүсдэг. Гэвч бидэнд цементэн далан, саарал хот л үлджээ.
Сөүл хот Чонгчечон голын хөгжлөөрөө дэлхийд үлгэр жишээ болж, байгальд суурилсан шийдлээр голын экосистемийг сэргээж, хотын өнгө төрх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн байдаг. Харин Улаанбаатарт төслүүд хэрэгжиж эхэлсэн ч бодит үр дүн бага байна.
2009 оноос хойш “Туул голыг хамгаалах хөтөлбөр”, “Сэлбэ дэд төв”, “Эко бүс” зэрэг төслүүд эхэлсэн ч хууль хэрэгжилт сул, иргэдийн оролцоо хангалтгүй, байгальд суурилсан шийдэл хангалтгүй хэвээр байна. Сэлбэ голын тохижилтод бетон далан давамгайлж, экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгааг судлаачид анхааруулжээ.
Хотын захиргаанаас хувийн хэвшилтэй хамтарч гол дагуух тохижилтыг хөгжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа ч санхүүжилт, менежментийн асуудал үргэлжилсээр байна.
Иргэдийн хүсэл нь энгийн: явган хүний замтай, дугуйн замтай, утаагүй, түгжрэлгүй, ногоон байгууламжтай хотод амьдрах. Гагцхүү бодит ажил хэрэгжүүлэх ухаалаг менежмент л дутагдаж байна.