Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський Британийн сэтгүүлч Пирс Морганд өгсөн ярилцлагадаа дайны өнөөгийн байдал, энхийн хэлэлцээ болон олон улсын харилцааны талаарх байр сууриа илэрхийллээ.
Энхийн хэлэлцээ болон газар нутгийн асуудал
Ерөнхийлөгч Зеленський Украины арми Донбассаас цэргээ гаргахыг хэн ч дэмжихгүй гэдгийг онцлоод, энэ газар нутгийг хамгаалахын тулд хэдэн арван мянган украинчууд амь үрэгдсэн болохыг сануулсан юм. Женевт болж буй хэлэлцээний талаар дурдахдаа цэргийн дэд хэсэгт тодорхой ахиц гарсан ч улс төрийн хэсэгт газар нутгийн асуудлаас болж нөхцөл байдал маш хүнд байгааг тэрээр хэлэв. Талууд газар нутгийн асуудал дээр гурван өөр байр суурьтай байгаа бөгөөд дараагийн уулзалт мөн Швейцарь улсад болно.
Сонгууль ба гал зогсоох нөхцөл
Дайны үед сонгууль явуулахыг ард иргэд болон парламент төдийлөн дэмжихгүй байгаа ч хэрэв дор хаяж хоёр сарын хугацаанд гал зогсоож чадвал сонгууль зохион байгуулах боломжийг хэлэлцэхийн тулд бүх хүчээ дайчилна гэдгээ Зеленський мэдэгдлээ. Гэхдээ хоёр сарын хугацаанд гал зогсоох нь дайн дууссан гэсэн үг биш гэдгийг тэрээр тодотгосон юм.
Дональд Трамп ба Владимир Путин
Ерөнхийлөгч Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины дайныг зогсоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Гэвч Трамп болон Путины харилцааг ойлгоход хэцүү байгааг дурдаад, Трампын зүгээс Путинд хандаж буй хандлага нь заримдаа Путины хүртэх ёстой хэмжээнээс илүү сайн байгаа нь “өвдөлттэй” санагддагийг хэлсэн байна. Түүнчлэн Путины ярьдаг түүхийн талаарх тайлбаруудыг “түүхийн хог шаар” гэж нэрлээд, дайныг зогсооход тийм зүйл хэрэггүй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
НАТО, авлига болон Путиныг устгах асуудал
Украин улс НАТО-д элсэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийсэн тул одоо шийдвэр гаргах “бөмбөг” холбоотнуудын талд байгааг Зеленський онцоллоо. Дотоод дахь авлигын асуудлыг тэрээр хүлээн зөвшөөрч, үүнтэй тэмцэхийн тулд авлигын эсрэг томоохон дэд бүтэц байгуулж байгаагаа дурдсан юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийг устгах тушаал өгөх эсэх тухай асуултад хариулахдаа, ганц хүнийг солих нь дэглэмийг бүхэлд нь өөрчлөхгүй бөгөөд өөр нэг “Путин” гарч ирэхгүй гэх баталгаагүй гэдгийг хэлэв.