Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны төрийн айлчлалаа эхлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр хийх төрийн айлчлалаа эхлүүлэхээр тус улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал болон албаны бусад хүмүүс угтан авсан байна.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр товложээ. Мөн уулзалтын дараа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгч, айлчлалын хүрээнд хэлэлцсэн асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэх юм.

Айлчлалын хөтөлбөрт Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайдын уулзалт багтжээ. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх ач холбогдолтой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар болсон байна. Ийнхүү дээд түвшний айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны шинэ баримт бичгүүд баталгаажих нөхцөл бүрдэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанад хүрэлцэн очлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад мөн оролцоно. Энэ нь айлчлал зөвхөн хоёр талын харилцаагаар хязгаарлагдахгүй, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинд үргэлжлэхийг харуулж байна.

Казахстан улс 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт бичигддэг, Монголын адил далайд гарцгүй орон юм. Тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өмнө нь 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон байна. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилийн хугацаагаар дахин сонгогджээ.

Эдийн засгийн үзүүлэлтээр Казахстаны Дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар болсон байна. Тус улсын эдийн засгийн гол тулгуур салбарт байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан багтдаг.

Байгалийн баялгийн нөөцөөрөө ч Казахстан дэлхийд дээгүүрт ордог. Тодруулбал, газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.долларт хүрчээ. Тус улс хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, харин машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний барааг импортоор авдаг байна.

Монгол, Казахстаны худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол Улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, харин гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэрэг барааг импортоор авдаг байна.

Өнөөдрийн байдлаар Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэлтэй байна. Мөн 2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн Монголд, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон бол Казахстаны 575 иргэн Монгол Улсад, тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй байгаа юм.

Боловсролын салбарын хамтын ажиллагаа ч тогтвортой үргэлжилж байна. 2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.

  • Айлчлалын хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 20-23
  • Угтан авсан газар: Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал
  • Худалдааны эргэлт: 58 сая ам.доллар
  • Казахстаны хүн ам: 20 гаруй сая
  • Казахстаны Дотоодын нийт бүтээгдэхүүн: 300 тэрбум ам.доллар

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй