Сүүлийн жилүүдэд шээс дамжуулах зам саатсанаас үүдэн бөөр тэлж “усжих” тохиолдол олширч буйг эмч, мэргэжилтнүүд мэдээлж байна. Энэ эмгэгийг анагаах ухаанд гидронефроз гэж нэрлэдэг бөгөөд эрт үед нь илрүүлж, зохистой эмчилгээ хийхгүй бол бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр шээсний замын бөглөрөл, бөөрний чулуу, төрөлхийн гаж хөгжил, хавдар зэрэг шалтгаанаар гидронефроз үүсч болох бөгөөд насанд хүрэгчдээс гадна нярайд хүртэл тохиолддог байна. Өөрөөр хэлбэл шээс гадагшлах урсгал тасалдах үед бөөрөнд шингэн хуримтлагдаж, тэлэлт бий болдог.
Дархан-Уул аймгийн дотрын эмч Б.Бямбабаярын хэлснээр “Эрт оношлох боломжтой эмгэгийг хүмүүс ихэвчлэн хүндэрч, мэс заслын заалттай болсон хойно нь мэддэг нь харамсалтай. Бөөр усжих эмгэгийг ураг байх үеэс нь оношилж, хяналтад авах боломжтой атал зарим хүүхэд 13–14 нас хүртлээ огт үзлэгт хамрагдаагүйгээс хожуу шатандаа оношлогдож, хагалгаанд орох шаардлага гарч байна” гэжээ.
Тэрээр мөн гидронефроз 3–4 дүгээр шат хүртэл тодорхой зовуурьгүй үргэлжлэх боломжтойг онцолсон байна. Иймээс олон хүн ямар нэг шинж тэмдэггүй удаан явж, эмчилгээ хийхгүйгээр хугацаа алдах тохиолдол гардаг бөгөөд хүүхдүүдийн хувьд шинжгүйгээр удаан үргэлжилж хожуу үед илрэх нь нийтлэг аж.
Анхаарах гол зүйлс:
- Жирэмсний үеийн ургийн хяналт, хэт авиан үзлэгийг тогтмол хийх
- Хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хугацаанд нь хамруулах
- Шээсний замын зовуурь, өвдөлт, шээх өөрчлөлт илэрвэл шууд мэргэжлийн эмчид үзүүлэх
- Шалтгааныг эрт тогтоож эмчлэх нь бөөрний үйл ажиллагааг хамгаалах үндсэн арга