АНУ-ын Виржини мужийн морь дэлхийн хамгийн өндөр настай мориор тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-ын Виржини мужийн морь дэлхийн хамгийн өндөр настай мориор тодорлоо

АНУ-ын Виржини мужийн Фэнси (Fancy) нэртэй гаршуулсан морь Гиннессийн амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай амьд мориор албан ёсоор бүртгэгдлээ.

Энэ талаар UPI агентлагаас эш татан Medee.news сайт мэдээллээ. Пейж Сигмон Блумерийн эзэмшдэг тус морь 37 нас 329 хоногтойдоо энэхүү амжилтыг тогтоосон байна. Баримт бичигт дурдсанаар, Фэнси 1988 оны дөрөвдүгээр сарын 1-нд төржээ. Эзэн нь мориныхоо насыг батлах баримтуудыг Гиннессийн хороонд гаргаж өгснөөр ийнхүү дэлхийн дээд амжилтын эзэн болсон байна.

Блумерийн хэлснээр, тэрээр 8 настай байхдаа буюу Фэнсиг 12-той байхаас нь эхлэн хамт байжээ. Олон жилийн хугацаанд моринд нь эрүүл мэндийн янз бүрийн асуудал тулгарч байсан ч Фэнси одоог хүртэл идэвхтэй хөдөлгөөнтэй, зөрүүд зантай хэвээр байгаа аж.

Одоогийн байдлаар Фэнсигийн хамгийн сайн найз нь Роуз нэртэй илжиг бөгөөд бараг хараагүй болсон хөгшин моринд зүг чигээ олоход нь тусалдаг байна. Тэд хамтдаа наранд биеэ ээж, бие биедээ дэм болж цагийг өнгөрүүлдэг тухай эзэн нь ярьжээ.

Ердийн морьдын дундаж наслалт 25-30 жил байдаг бөгөөд Фэнсигийн хувьд энэ нь маш ховор тохиолдох урт наслалтын жишээ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй