Дархан-Уул, Ховдод менингококкийн халдвар илэрч, тандалт эхлүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
эмнэлэг

Дархан-Уул аймагт 3-р сарын 2-нд дөрвөн настай хүүхэд менингококкийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 3-р сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол лабораториор батлагджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд бүх насныханд эрсдэлтэй ч 0–5 насны хүүхдүүд илүү өртөмтгийд тооцогддог.

Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатайг анхаарууллаа. Тууралт нь эхэндээ жижиг цэг мэт гараад богино хугацаанд томорч, биеэр тархах боломжтой бөгөөд даралтаар арилахгүй байх нь онцгой шинж гэж мэдээлэв.

Яаралтай анхаарах шинжүүд:

  • 38°С-аас дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох, сулрах
  • Арьсан дээр ягаан/хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Нярайн зулай товойх
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх

Дээрх шинж тэмдгийн нэг буюу хэд хэд нь илэрвэл түргэн тусламж дуудах эсвэл хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй