Өмнөд Солонгосын “цуврал алуурчин” эмэгтэйн зургийг дэлгэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
БНСУ

Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас хоёр эрэгтэйн амийг сэтгэцэд нөлөөт эмийн тусламжтайгаар хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйн гэрэл зургийг олон нийтэд ил болголоо.

Хэрэгтэн эмэгтэй нийт гурван хүнийг сэтгэцэд нөлөөт эмээр хордуулсан бөгөөд хоёр хохирогч нь газар дээрээ нас баржээ. Сөүлийн Ганбук дүүргийн цагдаагийн газраас мэдээлснээр, уг эмэгтэйд нийгмийн эсрэг зан чанарын эмгэгийг тодорхойлдог “Hare Psychopathy Checklist-Revised” (PCL-R) хэмээх клиник үнэлгээний тест хийсэн байна. Уг тестээр 40 онооноос 25 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд сэтгэцийн эмгэгтэй гэж үздэг бөгөөд Ким (хэрэгтний овог) стандартын босгоос хавьгүй дээгүүр буюу 25-аас дээш оноо авчээ. Энэ нь түүнийг хүйтэн сэтгэлтэй, бусдыг өрөвдөх чадваргүй, хариуцлагагүй нэгэн болохыг баталж байгаа юм.

Хэргийн явцыг сөхвөл, сэжигтэн эмэгтэйг өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд саатуулан баривчилж, хоёрдугаар сарын 19-нд хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тэрээр гэмт үйлдлээ эхлээд өөрийн найз залуугаасаа эхэлсэн бөгөөд нойрсуулах эм хольсон ундаа өгч мансууруулжээ. Үүний дараа онлайнаар танилцсан хоёр эрэгтэйг зочид буудалд дуудаж, ижил аргаар аминд нь хүрсэн байна.

Өмнөд Солонгосын "цуврал алуурчин" эмэгтэйн зургийг дэлгэлээ

Гэмт хэргийн сэтгэл судлаачдын анхаарлыг татаж буй нэг зүйл нь тэрээр нойрсуулах эмийнхээ тунг шат дараатайгаар нэмэгдүүлж байсан явдал юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хэрэгтэн эхлээд найз залуу дээрээ эмийн үйлчлэлийг “туршиж” үзээд, дараа нь тунг нь үхлийн хэмжээнд хүртэл нэмэгдүүлсэн нь аллагыг урьдаас нарийн төлөвлөснийг илтгэж байна.

Түүнчлэн тэрээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн байхдаа гурав дахь хохирогчийн аминд хүрсэн нь олныг цочирдуулаад байгаа юм. Сэжигтний гэрээс их хэмжээний нойрсуулах эм олдсон нь түүнийг дараа дараагийн аллагыг үйлдэхээр бэлтгэж байсан байж болзошгүй гэх үндэслэлийг бататгаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй