Путин дата хязгаарлалтыг аюулгүй байдлын арга хэмжээ гэж тайлбарлав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

ОХУ-д сүүлийн саруудад гар утасны дата доголдох, интернэтэд чөлөөтэй холбогдох боломж хумигдах үзэгдэл өргөн хүрээтэй ажиглагдах болсон. Тэр дундаа нийслэл Москвад гуравдугаар сарын турш гар утасны дата ашиглан хэвийн интернэтэд ороход хүндрэлтэй байсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дата хязгаарлаж буй арга хэмжээг террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй хэрэгтэй гэж мэдэгджээ. Ийнхүү эрх баригчид холбооны сүлжээний хязгаарлалтыг аюулгүй байдлын бодлоготой шууд холбон тайлбарлаж байна.

Пүрэв гарагт /2026.04.23/ Путин ОХУ-ын Цахим хөгжлийн сайд Максут Шадаевт цагаан жагсаалтад багтсан цахим үйлчилгээнүүдийн хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр анхаарч ажиллах үүрэг өгсөн байна. Энэхүү жагсаалтад төрийн дэмжлэгтэй ажилладаг Макс мессенжер, томоохон банкнууд, мөн төрийн өмчит телевизийн аппликейшнүүд багтдаг аж.

Украины дайн эхэлснээс хойш ОХУ цахим орчинд тавих хяналт, хязгаарлалтаа эрчимжүүлсэн. Харин сүүлийн үед гар утасны дата тасалдах давтамж улам олширч байгаа нь интернэт хэрэглэгчдийн дунд шинэ шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Зарим ажиглагч, хэрэглэгчид энэ үзэгдлийг “цахим төмөр хөшиг” гэж нэрлэн шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, дата хязгаарлалт нь зөвхөн аюулгүй байдлын арга хэмжээ бус, мэдээллийн орчныг улам хаалттай болгох алхам гэж үзэх хандлага нэмэгдэж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй