Д.Трамп: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа удахгүй өндөрлөнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дональд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг чиглэсэн АНУ-Израилын хамтарсан цэргийн ажиллагаа тун удахгүй дуусгавар болно гэдгийг мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн ажиллагаа дуусах нарийн товыг зарлахаас татгалзсан хэдий ч ирэх долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байгааг тодотгосон байна.

Тэрээр хэлсэн үгэндээ Вашингтон шаардлагатай гэж үзвэл Тегераны эсрэг дахин зэвсэгт хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа сануулж, хатуу байр суурь илэрхийлэв. Д.Трампын үзэж буйгаар Иран улс Ойрх Дорнодын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах болон Израил улсыг устгах төлөвлөгөө боловсруулж байсныг АНУ таслан зогсоосон аж. Бүгд найрамдах намаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр тэрээр:

  • Иран улс АНУ-ын эсрэг шууд халдлага үйлдэхээр зэхэж байсан;
  • Вашингтон аюулгүй байдлаа хамгаалахын тулд урьтаж цэргийн цохилт өгсөн;
  • Ойрх Дорнодын тогтвортой байдлыг хангахын тулд энэхүү алхмыг хийсэн хэмээн онцолжээ.

Гэвч нөгөө талаас, “The Wall Street Journal” сонины мэдээлснээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд олон нийтийн дэмжлэгийг алдахаас сэргийлж, уг мөргөлдөөнөөс гарах “гарц”-ыг эрэлхийлэхийг зөвлөж байгаа аж. Эх сурвалжуудын дурдсанаар Цагаан ордны тэргүүн Иран улс бууж өгөхгүй байгаад ихээхэн гайхаж байгаа бөгөөд түүний хүрээлэл энэхүү ажиллагааг АНУ-ын зэвсэгт хүчний том ялалт болгон харагдуулах замаар дуусгах төлөвлөгөө боловсруулж байна.

Ираны эсрэг дайныг иргэд төдийлөн дэмжихгүй байгаа бөгөөд мөргөлдөөн сунжрах тусам засаг захиргааны нэр хүнд унах эрсдэлтэйг тус сонин анхааруулжээ. Трампын орон тооны бус эдийн засгийн зөвлөх Стивен Мур “Байгалийн хий болон газрын тосны үнэ өссөнөөр бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг дагаж нэмэгдэж байгаа нь эдийн засагт ноцтой асуудал үүсгэж байна” хэмээн нөхцөл байдлыг тайлбарласан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй