Ираны Дээд удирдагч Али Хаменеи Израилын халдлагын улмаас амь үрэгдсэний дараа түүний залгамжлагчийг тодруулах ажиллагаа арав орчим хоног үргэлжилсний эцэст шийдвэрлэгдлээ. Энэ хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ удирдагчийг томилоход оролцохоо мэдэгдэж, Израилын тал хэн ч сонгогдсон устгахаа заналхийлж байсан юм. Гэвч бүс нутгийн хурцадмал байдал дунд Шийтийн дээд зөвлөлийн 88 төлөөлөгч хуралдаж, талийгаач аятоллагийн хоёр дахь хүү Можтаба Хаменеиг шашны шинэ тэргүүнээр зарлав.
Өдгөө 56 настай Можтаба Хаменеи нь 1969 онд шашны гол төв Мешхед хотод төржээ. Түүний намтар болон нөлөөллийн талаарх зарим баримтуудыг дурдвал:
- Цэргийн туршлага: 1987 онд Исламын зэвсэгт хүчний эгнээнд элсэж, Иран-Иракийн дайны төгсгөлийн үед алба хаасан. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпустай нягт холбоотой.
- Боловсрол ба гэр бүл: Шашны нэр хүндтэй багш нарын удирдлага дор суралцаж, 2004 онд Парламентын даргын охин Голям-Али Адельтай гэрлэсэн.
- Улс төрийн нөлөө: Хэдийгээр Засгийн газарт албан тушаал хашиж байгаагүй ч 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Махмуд Ахмадинежадыг дэмжиж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж сөрөг хүчинд буруутгагдаж байв.
Шинэ аятолла нь эцгийнхээ санхүүгийн асуудлыг дагнан хариуцдаг байсан бөгөөд “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Швейцарын банк дахь хадгаламжид нэвтрэх эрхтэйгээс гадна Их Британид 100 сая ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. Үүний улмаас 2019 онд АНУ түүнд хувийн хориг тавьжээ.
Можтаба Хаменеи нь үзэл бодлын хувьд хатуу консерватив бөгөөд гадаад, дотоодын дайснуудын эсрэг эрс шийдэмгий бодлого баримтлагч гэгддэг. Хэдийгээр тэрээр эхнэр, гурван хүүхэдтэй ч дайны эхний өдрийн агаарын цохилтын үеэр эхнэр нь амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Шинэ удирдагч ажлаа хүлээн авсан эхний өдрөөсөө Израилын зүгээс амь насанд нь халдах сүрдүүлэгтэй нүүр туллаа.