Засгийн газраас “Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг баталж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Уг жагсаалтад багтсан тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас гаргахаар тусгасан байна.
Энэ хүрээнд Монгол Улс спортын олон улсын чанартай томоохон найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ нь Монголын спортын салбарын нэр хүндийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тив, дэлхийн түвшний тамирчдыг нэг дор цуглуулах ач холбогдолтой юм.
2026 онд Монголд болох гол тэмцээнүүдийн дотор:
- Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн
- Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн
- Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хурэгчдийн XXVII тэмцээн
- Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн
- Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн
- Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн
- Бусад олон улсын чанартай тэмцээнүүд багтаж байна.
Түүнчлэн эдгээр тэмцээний бэлтгэл ажлыг бүрэн хангаж, зохион байгуулалтыг олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам-д даалгасан байна.