Европын Холбоо дахь мигрант иргэдийн тоо 64.2 саяд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Европын Холбоо дахь мигрант иргэдийн тоо 64.2 саяд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов

2025 оны байдлаар Европын Холбооны (ЕХ) орнуудын нийт хүн амын 14.2 хувийг буюу 64.2 сая хүнийг хилийн чанадад төрсөн иргэд бүрдүүлж байгааг “RFBerlin” хүрээлэнгийн шинэ тайлан онцоллоо. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд цагаачдын тоо 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд жил бүр дунджаар 2.1 сая хүн Европыг зорин ирж байна.

Герман улс 18 сая цагаачтайгаар Европын хамгийн том “орогнох цэг” хэвээр байгаа төдийгүй тэдний 72 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байгаа нь эдийн засагт нь чухал нөлөө үзүүлж байна. Харин Испани улс өсөлтийн хурдаараа бүхнийг гайхшруулж, зөвхөн өнгөрсөн онд 700,000 мигрант шинээр хүлээн авсан нь нийт ЕХ-ны өсөлтийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлсэн хэрэг юм. Түүнчлэн Франц (8.5 сая), Итали (6.4 сая), Нидерланд (2.9 сая) улсууд гадаад иргэдийн тоогоор удаалж байна.

Бүс нутгийн хувьд авч үзвэл сонирхолтой дүр зураг харагдана. Хүн ам багатай Люксембургийн иргэдийн 51.6 хувь нь гадаадаас ирсэн бол Мальта, Кипр зэрэг улсуудад хүн амын гуравны нэг нь мигрант иргэд байна. Үүний эсрэгээр Польш, Словак, Болгар зэрэг Зүүн Европын орнуудад энэ үзүүлэлт 5 хувиас хэтрэхгүй байгаа нь тивийн баруун болон зүүн хэсгийн ялгаа асар их байгааг илтгэж байна.

Судлаачид энэхүү их нүүдлийг геополитикийн хямрал, хүн ам зүйн даралт болон Европын хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдолтой холбон тайлбарлаж байна. Гэхдээ 2026 оны эхний улирлын байдлаар Германд орогнол хүсэх өргөдлийн тоо 23 хувиар огцом буурч, 2015 оноос хойших хамгийн доод түвшинд очжээ. Үүний улмаас Герман улс орогнол хүсэгчдийн тоогоор Франц, Испани, Италийн ард буюу дөрөвдүгээр байр руу ухарсан нь миграцийн чиглэлд томоохон өөрчлөлт гарч эхэлснийг харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй