Трамп Иранд шинэ сүрдүүлэг хийж, Ормузын хоолойн маргаан хурцдав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотнуудад 25% импортын татвар ногдуулахаа анхааруулав

Персийн булангийн орнуудын экспортын гол гарц болох Ормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал дахин даамжирч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч ням гарагт /2026.04.12/ тус хоолойг бүслэн хаана гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц савлагаа үүсээд байсан юм.

Үүний дараа тэрбээр өчигдөр /2026.04.17/ “Ормузын хоолойг нээж байна” хэмээн мэдэгдэж, “Иран хоолойг бүрэн нээж, чөлөөтэй нэвтрэхэд бэлэн болсноо мэдэгдлээ” гэж онцолсон байна. Гэвч удалгүй Ираны тал уг хоолойг дахин хааж, цэргийн хяналтдаа авсан тухайгаа зарласан нь нөхцөл байдлыг дахин хүндрүүлэв.

Ираны төрийн хэвлэлүүдийн сүүлийн мэдэгдэлд, “Америкчууд хэлэлцээр талдаа ороогүй тул хоолойг дахин хаасан. Орон нутгийн цагаар 08.30 цагт хоолой Ираны цэргийн хатуу хяналтад орсон” гэжээ. Мөн Ираны цэргийнхэн “АНУ үүргээ биелүүлээгүй бөгөөд хоолойгоор дамжихад Ираны зөвшөөрөл шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.

Энэ шийдвэрийн дараа зарим хөлөг онгоц чиглэлээ өөрчилж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны газраас Ормузын хоолойд явж байсан нэгэн танкер руу Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын хоёр зэвсэгт завинаас гал нээсэн талаар мэдээлсэн байна. Гэсэн ч уг танкер болон багийн гишүүд аюулгүй, хохиролгүй үлдсэн гэжээ.

Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Бямба гараг /2026.04.18/-т “Ормузын хоолойг бүрэн нээж, нэвтрэхэд бэлэн болсон” гэж мэдэгдсэн ч, удалгүй Ираны арми уг хоолойг дахин хааж, хяналтаа тогтоосон тухай мэдээлэл гарсан юм. Үүний дараа тэрбээр Иранд хандан илүү хатуу мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Ираны цахилгаан станц, бүх гүүрийг устгана” хэмээн мэдэгдсэн байна. Түүний нийтэлсэн мэдэгдэлд “Иран өчигдөр Ормузын хоолойд буудлага хийсэн. Энэ нь манай гал зогсоох гэрээг бүрэн зөрчсөн хэрэг. Тэдний ихэнх нь Францын хөлөг онгоц болон Их Британийн ачааны усан онгоц руу чиглэсэн. Энэ сайхан хэрэг биш биз дээ? Миний төлөөлөгчид Пакистаны Исламабад хот руу явж байна. Тэд маргааш орой тэнд хэлэлцээ хийхээр очно. Иран саяхан хоолойг хааж байгаагаа зарласан нь сонин, учир нь манайх аль хэдийн хаачихсан байгаа. Тэд өөрсдөө мэдэлгүй бидэнд тусалж байна. Харин хаагдсан гарцын улмаас өдөрт 500 сая долларын алдагдлыг тэд өөрсдөө хүлээж байна” гэжээ.

Мөн тэрбээр АНУ-д үүнээс хохирол учрахгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, “АНУ юу ч алдахгүй. Үнэндээ олон хөлөг онгоц яг одоо АНУ-ын Техас, Луизиана, Аляска руу ачаа ачихаар чиглэж байна. Ираны Исламын хувьсгалт харуулын корпус /IRGC/ “хатуу залуу” болох гэсэн оролдлогын ачаар! Бид маш шударга, боломжийн ХЭЛЭЛЦЭЭ санал болгож байгаа. Тэд үүнийг хүлээн авна гэж найдаж байна, хэрэв үгүй бол АНУ Ираны бүх цахилгаан станц, бүх гүүрийг устгана. Одоо сайн залуу байхгүй! Тэд хурдан, амархан бууж өгнө. Хэрэв хэлэлцээг хүлээж авахгүй бол хийх ёстой зүйлээ хийх нь миний нэр төрийн хэрэг болно. Үүнийг өнгөрсөн 47 жилийн турш өмнөх Ерөнхийлөгчид хийх ёстой байсан. Ираны хүн алагч машиныг зогсоох цаг болсон! Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп” хэмээн бичжээ.

Ийнхүү Ормузын хоолойг тойрсон маргаан зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус, олон улсын худалдаа, эрчим хүчний зах зээл, аюулгүй байдлын асуудалд шинэ дарамт үүсгэж байна. АНУ, Ираны мэдэгдлүүд улам ширүүсэж, талуудын хоорондын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь анхаарлын төвд орлоо.

  • /2026.04.12/ Д.Трамп Ормузын хоолойг бүслэн хаана гэж мэдэгдсэн
  • /2026.04.17/ “Ормузын хоолойг нээж байна” гэж зарласан
  • Ираны тал хоолойг дахин хааж, цэргийн хяналтад авснаа мэдэгдсэн
  • Д.Трамп “Ираны цахилгаан станц, бүх гүүрийг устгана” гэж сүрдүүлсэн

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй