Арабын Нэгдсэн Эмират Улсын санхүүгийн төв Дубай хотод барьж эхэлсэн агаарын таксины анхны буудлын бүтээн байгуулалт бүрэн дууссаныг албаныхан пүрэв гарагт мэдээллээ. Ингэснээр тус хотод ирээдүйн тээврийн шинэ хэлбэрийг бодитоор нэвтрүүлэх ажил дараагийн шатандаа орж байна.
Тус улсын Ерөнхий сайдын орлогч, Дубайн угсаа залгамжлах хунтайж Шэйх Хамдан бин Мохаммед өчигдөр “босоо чиглэлд хөөрөх, буух зориулалттай цахилгаан агаарын таксины өртөө”-тэй танилцсан байна. Албаныхны мэдээлснээр, уг байгууламж нь нийт 3100 хавтгай дөрвөлжин метр талбайтай, дөрвөн давхар бүтэцтэй бөгөөд автомашины хоёр түвшний зогсоол, агаарын таксины хөөрч буух хоёр тавцан, цэнэглэх станцтай ажээ.
Эмиратын эрх баригчид энэ буудлыг “дэлхийд анхдагч” хэмээн тодорхойлсон байна. Анхны өртөө нь Дубайн олон улсын нисэх буудлын ойролцоо байрлаж байгаа бөгөөд цаашид агаарын таксины үйлчилгээний гол төв болон ажиллах юм. Тооцооллоор жилд 170 мянга хүртэлх зорчигчид үйлчлэх хүчин чадалтай гэж үзэж байна.
Дубай дахин гурван буудал байгуулахаар төлөвлөжээ
Энэ анхны буудлаар хязгаарлагдахгүйгээр Дубай хотод дахин гурван ижил төрлийн өртөө байгуулахаар төлөвлөсөн байна. Агаарын таксины үйл ажиллагааг АНУ-ын Калифорни мужид төвтэй Joby Aviation компани зургаан жилийн хугацаанд онцгой эрхтэйгээр хариуцан явуулахаар болсон талаар мэдээлжээ.
Шэйх Хамдан энэ төслийн ач холбогдлыг онцлохдоо “Агаарын таксины дэд бүтцийг ашиглалтад оруулснаар шинэ, тогтвортой тээврийн хэлбэрийг нэвтрүүлж, Дубай хотын ирэх хэдэн арван жилийн бэлтгэлийг хангах чухал алхам болж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Дубай нь Эмиратын хамгийн олон хүн амтай хот бөгөөд бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын томоохон төв болон хөгжсөн билээ. Гэвч сүүлийн сар гаруйн хугацаанд АНУ, Израилийн өдөөсөн дайны улмаас Ираны зүгээс Персийн булангийн орнуудад чиглэсэн агаарын довтолгоонд өртөх болсон талаар мэдээлж байна. Одоогоор хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.